ДУНДГОВЬ: Тариаланч М.Туул 300 м.кв талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж, нарийн ногоо тариалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг 2023 онд 13 аж ахуйн нэгжид олгожээ.
2023 онд
санхүүжилт авсан ААН-үүд төмс, хүнсний ногоо тарих, зоорь, мах, махан
бүтээгдэхүүн үйлдвэрлэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мал эмнэлгийн
үйлчилгээ, жимсний талбай байгуулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж
байна.
Тэдний нэг төлөөлөл болох М.Туул хүлэмждээ салатны навч, гүзээлзгэнэ,
улаан лооль, өргөст хэмх зэргийг тарьж ургуулан борлуулж байна. Тэрбээр нэг
өнжөөд 30 кг өргөст хэмх хураан зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Аймгийн Хүнс
хөдөө аж ахуйн газар тухайн зээлдэгчийн хийж буй ажлын явцыг жилд хоёроос
гурван удаа шалгаж, зөвлөгөө өгч, тэдний бараа бүтээгдэхүүнийг борлуулах,
үзэсгэлэн худалдаанд оролцуулах зэргээр эргэх холбоотой ажилладаг нь тухайн
зээлдэгчийн ажилд маш их хэрэгтэй байдаг гэдгийг М.Туул хэлж байв. Мөн
залуучуудад орон нутагтаа бизнес эрхлэхэд гол асуудал нь санхүүжилт байдаг
учраас зорилготой, зөв бодолтой залуусыг дэмжихийг орон нутгийн удирдлага,
холбогдох байгуулагуудад уриалж хэлье гэлээ.
Цаашид тэрбээр төмс, лууван, байцаа гэх мэт хүнсний ногоо тариалж, хүлэмжээ
өргөжүүлэх хүсэлтэй. Хүлэмжийн аж ахуйг анх эхлэхэд орон нутгийн онцлогоос болж шороо шуурах, салхилах, говийн
хөрсөнд нарийн ногоо удаан ургах, элслэг шаварлаг хөрстэй, усалгаа гэх зэрэг
асуудлууд нь сэтгэл зовних зүйл байсан ч эдгээрийг давж өөрийн гэсэн хүлэмжтэй
болсондоо баяртай байна. Мөн хүлэмждээ ирэхээр сэтгэлийн тайвшралыг
мэдэрдэг. Ногоо тарих энэ ажилдаа улам дуртай болж байна хэмээн ярилаа.
Д.Адьяасүрэн