ДУНДГОВЬ: Элсэлтийн шалгалтад 700-гаас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-26 12:39:24

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Оюунлаг Дундговь" дэд хөтөлбөрөөс элсэлтийн шалгалтад 700-гаас дээш оноо авсан сурагчид, бэлтгэсэн багш нарт шагнал гардууллаа.

 

Дундговь аймгийн хэмжээнд 12 дугаар ангийг 459 суралцагч төгссөн бөгөөд 435 суралцагч элсэлтийн шалгалтад 10 хичээлээр давхардсан тоогоор 1315 шалгалт өгчээ. Энэ онд улсын дундаж оноогоор Дундговь аймаг газарзүй, нийгэм, математик, физикийн хичээлээр улсдаа тэргүүлж, нийт хичээлийн нийлбэр дүнгээр тавдугаарт эрэмбэлэгджээ.

 

Монгол хэлний элсэлтийн шалгалтад Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэнгийн бэлтгэсэн Хүмүүнлэг сургуулийн 12а ангийн сурагч Ө.Март, Цэгц билиг сургуулийн багш, заах аргач зэрэгтэй багш А.Буянхишигийн бэлтгэсэн 12б ангийн сурагч Г.Ууганбаяр нар 800 оноо авсан амжилт үзүүллээ. Дундговь аймгийн хэмжээнд 700 ба түүнээс дээш оноо авсан 22 сурагч байна.


Аймгийн Засаг дарга 700 ба түүнээс дээш оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.


Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун шалгалтаа амжилттай өгсөн багш, сурагчдад амжилт хүсэн “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа, цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Д.Адьяасүрэн

関連ニュース