Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.
Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фриденийн захидалд, “Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Энэхүү завшааныг ашиглан итгэл хүлээж, өндөр хариуцлагатай албыг хаших болсон Танд амжилтын дээдийг хүсэн ерөөе. Харилцан хүндлэл, хамтын ажиллагаанд суурилсан урт хугацааны харилцаа бүхий Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой ирэх онд тохиож байгаад баяртай байна. Бидний нөхөрлөл цаашид улам бэхжиж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхлын тусын тулд харилцаагаа хоёр талаар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаа болон Европын Холбоо-Монгол Улсын түншлэлийн хүрээнд улам бүр бэхжүүлэхэд Тантай хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлье гэжээ.
БНСУ-ын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Боловсролын сайд И Жү Хугийн захидалд, “Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Танд чин сэтгэлээс баяр хүргэе. Монгол, Солонгос хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л салбарт нягт харилцаж, ардчилал болон эдийн засгийг хөгжүүлэх явцад харилцан туршлагаа хуваалцан хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг тэмдэглэхэд таатай байна. Солонгос Улсын талаар сайн мэддэг төдийгүй элэгсэг дотноор ханддаг Ерөнхий сайд Та бүрэн эрхийн хугацаандаа Монгол, Солонгосын харилцааг улам бэхжүүлэх, хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулан хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Улаанбаатар болон Сөүл хотноо зохион байгуулах олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан иргэдийн харилцаа, соёлын солилцоо болон бодит хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр улсын иргэд хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол гүнзгийрнэ гэж итгэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд дахин баяр хүргэж, Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, аз жаргалыг, Таны манлайлал дор Монгол Улс улам хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе” гэжээ.
Кувейт Улсын Ерөнхий сайд Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабахын захидалд, “Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар танаа. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Тан чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Энэхүү завшааныг тохиолдуулан манай хоёр найрсаг орон, ард түмнийг холбож буй дотно, нөхөрсөг харилцааг сайшаахын зэрэгцээ нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ард түмнийхээ төлөө үйлчилж, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэх өнө их ажилд нь амжилт хүсье. Танд эрүүл энх сайн сайхныг хүсэх ялдамд Танай сайхан орон улам хөгжин цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлье” гэжээ.