Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хийсэн аудитын тайланг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний аудитын газар, ОХУ-ын Тооцооны танхимтай хамтран Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны үр дүн, нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, үр ашиг” сэдэвт аудитыг хийж гүйцэтгэжээ.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн тус аудитын тайланг хамтарсан нийгэмлэгийн удирдлагуудад гардуулан өгсөн байна. Аудитаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн үүргийн хэрэгжилт болон 2021-2023 оны үйл ажиллагаа түүний үр дүн, менежмент, хөрөнгө оруулалтын үр ашиг, гүйцэтгэл зэргийг үнэлэх зорилготой байсан аж.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн шалгагдагч байгууллагын
удирдлагуудад аудитын үр дүнг танилцуулж, төмөр замын салбарын хөгжлийн
бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын
үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарах талаар өгсөн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг
онцлов.