Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-27 15:18:05

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа.


Тус багийн гаргаж байгаа амжилт хүүхэд, залууст үлгэр дуурайл болж, сагсан бөмбөгийн спортоор хичээллэх сонирхол төрүүлж байгааг Ерөнхийлөгч онцлов. Багийн хамт олон дээд лигээс гадна Азийн аваргуудын лигийн Зүүн бүсэд түрүүлэхээс гадна финалын шатанд хүрэл медаль хүртэж, энэ оны сүүлчээр болох Зүүн Азийн супер лигт оролцох Монголын анхны багаар шалгаран, тивийнхээ шилдэг гурван багийн нэг болсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Хоорондын үл ойлголцлоос болж тусдаа үйл ажиллагаа явуулж байсан сагсан бөмбөгийн холбоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр нэгдсэн.


Нэг зорилго, тогтвортой бодлого, зөв менежмент, сахилга батын дүнд сагсан бөмбөгийн спорт улам хурдацтай хөгжиж, амжилт гаргаж байгааг “Хасын хүлэгүүд” багийн эзэн, хөрөнгө оруулагч Ж.Бат-Ирээдүй хэлсэн юм. 2024-2025 оны Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд тус багийн таван тамирчин багтсан байна. Багийн хамт олон хамтрагч байгууллагууд болон дэмжигчдийнхээ хамт “Спорт бизнес форум”, олон нийт, залуучуудын дунд эв нэгдэл, спортын үнэт зүйлд уриалсан баярын жагсаал зэргийг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ.


“Хасын хүлэгүүд” багийн менежментийг “Гүнд инвестмент” холдингийн хөрөнгө оруулалттай “Хүлэгүүд спорт менежмент” компани хариуцдаг бөгөөд үндэсний дээд лигийн эрэгтэй, эмэгтэй багаас гадна “Хүлэгүүд“ академиар дамжуулан залуу үеэ бэлдэж байна. 












関連ニュース