БАЯНХОНГОР: Өнгөт цэцэгсээр хотын үзэмжийг чимж байна
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн ногоон байгууламж, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд үрээр болон үрсэлгээгээр нийтийн эзэмшлийн талбайд 10 мянга гаруй цэцэг суулгаж байна.
Ихэвчлэн төв зам дагуух цэцгийн мандлууд болон төв талбайд нэг наст цэцгийн үрсэлгээг шилжүүлэн суулгаж байгаа бол бусад газарт үрээр тарьж байна. Баянхонгор аймгийн "Хот тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын ногоон байгууламжийн ажилчид одоогоор хун цэцэг дөрвөн өнгө, хүмээс, зөгийн үүр, энхэлгэнэ, хумсан цэцэг, хилэн зэрэг зургаан төрлийн цэцгийг суулгаад байгаа юм.
Тус газрын ногоон байгууламжийн алба нь хотын цэцэрлэгжүүлэлт, арчилгаа, мод хэлбэржүүлэлт, ногоон байгууламж, цэцгийн мандал, мод үржүүлэг ойжуулалт, ойн зурвасын арчилгаа, хамгаалалт, усалгааны системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажилладаг. Нийтийн эзэмшлийн зам, талбайд тарьсан цэцгийг санаатайгаар тасдах, ногоон байгууламж руу орж эвдэж сүйтгэхгүй байхыг "Баянхонгор Тохижилт үйлчилгээ"-нийхэн анхаарууллаа.
Ногоон байгууламж нь агаарт дэгдэх нүүрсхүчлийн хийг багасгаж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлэн, тоосжилтыг дарж, цэвэр агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг.







