“Хүрээ цам-Даншиг наадам 2025” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-28 11:36:31

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын иргэдийн өдөр, “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам эхэллээ.


Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон үйл ажиллагаа зохион байгуулна. Тухайлбал, хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрынхан уран бүтээлээ толилуулна. Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын үзүүлбэр үзэж сонирхох боломжтой.


Цам харайх ёслолд 120 гаруй цамчин оролцоно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” нь монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой. Тухайлбал, наадмын үеэр бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэр үзүүлдэг. 120 гаруй цамчин уран нарийн хийцтэй хувцас өмсгөл, багтай, гоёмсог чимэг зүүлт, хэрэгслээр гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн амар амгалан, бясалгалыг илэрхийлдэг. Мөн хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буйг уран яруугаар харуулдаг. Цамчид Очирваань бурхан, Цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн зэрэг дүрд хувирч, сүрдэм бишрэм байдлаар үзүүлбэр үзүүлэх аж.


Хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Даншиг наадмын үеэр иргэд хувийн машинаас гадна хоёр төрлийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжтой юм. Тодруулбал, 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх-Яармаг-Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС-Хүй 7 худаг” гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ. Түүнчлэн “Улаанбаатар” өртөөнөөс “Давааны зөрлөг” хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялах юм. Дээрх чиглэлд гурван вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Улмаар “Давааны зөрлөг”-өөс нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх аж. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, “Давааны зөрлөг”-т 08:50 зогсоно. Харин “Давааны зөрлөг”-өөс 10:06 цагт хөдлөөд, “Улаанбаатар өртөө”-нд 10:55 цагт зогсох юм байна.


Даншиг наадмаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулж байна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм. Соёл урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэгтэй аж. Зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх газрууд монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулж байна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,

B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,

С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,

E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,

F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.


Даншиг наадмын үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

256 бөхийн барилдаан

Хурдан морины уралдаан

Жороо морины уралдаан

Үндэсний сур харвааны тэмцээн

Үндэсний шагайн харвааны тэмцээн

Морьт харвааны тэмцээн

Морьтны үзүүлбэр

Цам харайх ёслол

Сээр цохих тэмцээн

Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт

Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт

Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт

Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн

Монгол үндэсний хувцасны үзүүлбэр

Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга

Их эзэн Чингис хааны тахилга

Балин, тосон урлалын тэмцээн

Унзад, голч лам нарын тэмцээн

Номын мэтгэлцээний тэмцээн

Сор залах, соёмбот туг залах ёслол тус тус болох юм байна. 









関連ニュース