БАЯНХОНГОР: Хайлдаг элстэй Баянхонгор хайрхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-06-30 15:45:53
Баянхонгор, 2025 оны зургаадугаар сарын сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын төвийн хоймор Баянхонгор хайрхны элгэнд халз тогтсон элс бий. Тэрхүү элсийг аманд хийхэд уусан алга болдог бөгөөд нутгийнхан энэ элсийг хайлдаг элс хэмээн хайрлан дээдэлдэг.

Тухайн элсийг чухам ямар учраас хайлдаг болохыг олж тогтоогоогүй ч, "бурхны хоол", "буян хишгийн идээ" гэхчлэн сүслэн хүртдэг хүн цөөнгүй. Хол ойрын гийчид ч тухайн нутгаар аялж, элсний шидийг мэдрэх гэж зорих нь ихэсжээ.

Элс нь тодорсон хайрхныг шүтсэн хүн зон баян тансаг явдаг учраас энэ уулыг Баянхонгор гэж нэрлэсэн бөгөөд тус аймгийг анх энэ уулын өвөрт байгуулж байсан учир Баянхонгор аймаг хэмээн нэрлэж байсан түүхтэй.

Баянхонгор хайрхан нь Халхын Сайн ноён хан аймгийн Цогтой гүний хошуу, Дархан гүний хошуу, Чин сүжигт номун ханы шавийн гурван хошууны ард түмний шүтээн дээдэлж тахиж, шүтэж ирсэн шүтээн хайрхан юм. Эрт цагт Баянхонгор хайрхныг 3 хоног наадам хийж тахидаг байжээ.

Баянхонгор хайрхан уулыг 2009 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Аймгийн тахилгат" уул болгон дөрвөн жилд нэг удаа тахиж байхаар шийдвэрлэсэн байдаг бол Засгийн газрын ээлжит хуралдаанаар дурсгалт газрын ангиллаар бүртгэсэн байна.

Баянхонгор аймаг анх байгуулагдсан цагаасаа эхлээд Бөмбөгөр, Баян-Овоо сумын нутагт байрлаж байгаад сүүлд Галуут сумын Хонгор хайрхан уулын өврөөс 1961 онд одоогийн Номгон уулын ар Түйн голын хөвөөнд нүүн суурьшсан байдаг.

Галуут сум нь хойд талаараа Архангай аймгийн Чулуут, Их Тамир сум Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Заг, Жаргалант сумтай хил залгадаг. Хангайн нурууны салбар уулс, хөндий хоолой дэл сэрвэн хосолсон 504.7 мянган га эдэлбэр нутагтай. Далайн түвшнээс дээш 3539 м өргөгдсөн Гурван Анагийн нуруу, хамгийн доор газар нь 2117 м өндөрт байрлах Баянхонгор хайрхан уулын өвөр юм.

Сумын төв нь Баянхонгор хайрхан уулын өвөрт Харганын голын хойд хөндийд байрлах бөгөөд мөнх цэвдэгтэй газар нутагтай. Аймгийн төвөөс 86 км, нийслэл Улаанбаатар хотоос 728 км зайд оршдог.
関連ニュース