Японы парламентын дээд танхимд хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-22 17:17:34

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 22 /Kyodo/. Өнгөрсөн ням гарагт болсон сонгуулиар Японы парламентын дээд танхимд 42 эмэгтэй гишүүн сонгогдож, 2022 онд 35 байсантай харьцуулахад "дээд амжилт"-ыг шинэчилжээ. Эмэгтэйчүүд 125 суудлын 33.6 хувийг эзэлсэн байна.


Сонгуульд 152 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн нь 2022 оны хамгийн олон буюу 181 нэр дэвшигч оролцож байснаас цөөн байна. Эмэгтэйчүүд нийт нэр дэвшигчдийн 29.1 хувийг эзэлсэн нь Японы Засгийн газрын 2025 онд дэвшүүлсэн зорилтот түвшин болох 35 хувиас доогуур үзүүлэлт юм. Харин 2022 онд эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувь 33.2 хувьтай байсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байв.


Дэлхийн эдийн засгийн форумаас танилцуулсан 2025 оны хүйсийн тэнцвэрийн индексийн жагсаалтад Япон 148 орноос 118 дугаарт орсон бөгөөд улс төрийн эрх, оролцоог тэлэх чиглэлээр тааруу үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт ахиц гарсан байна. 


Нэр дэвшигч 152 эмэгтэйн 102 нь тойрогт, 50 нь пропорциональ тогтолцоогоор өрсөлджээ.


Японы эрх баригч эвсэл дээд танхимд олонхын суудлаа алдсан юм. Гэсэн хэдий ч Ерөнхий сайд Ишиба Шигэрү огцрохгүй гэдгээ мэдэгджээ.



関連ニュース