Умард Солонгосын иргэдэд зориулсан радио нэвтрүүлгийг зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2025 оны долоодугаар сарын 24 /Bloomberg/. Өмнөд Солонгосын тал хэдэн арван жилийн турш БНАСАУ руу цацаж байсан радио нэвтрүүлгээ хоёр талын хурцадмал байдлыг намжаах зорилгоор түр зогсоожээ. Харин иргэдэд нь хүрдэг хяналтгүй мэдээллийн эх сурвалж хаагдсанаар Пёньяны хувьд бэлгэдлийн ялалт боллоо гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэхдээ, радио нэвтрүүлгийг "түр хугацаанд" зогсоосон гэдгийг дурдаад хоёр Солонгосын харилцаа улам дордохыг хараад суухын оронд ийм алхам хийх нь илүү оновчтой гэсэн байна.
“Дэлхийн ихэнх улсын хил дамнасан нэвтрүүлэг нь өнгөрсөн цаг үеийн үлдэгдэл болоод байна. Гэхдээ Умард Солонгос бол бусад улс орнуудтай адилгүй. Энэ бол хүн ам нь интернэтэд нэвтрэх боломжгүй, гадаадын хэвлэл мэдээлэл хэрэгслүүдээс мэдээлэл авахыг хориглодог цөөн хэдэн орны нэг юм” хэмээн Стимсоны төвийн ахлах судлаач Мартин Уильямс тайлбарлалаа. Хоёр Солонгосын улс төрийн харилцаа ямар байхаас үл хамааран зарим нэвтрүүлгүүд 1970-аад оноос хойш тасралтгүй цацагдаж ирсэн тул Өмнөдийн тал ийм шийдвэр гаргасан нь онцгой алхам юм” гэж судлаач хэлжээ.
Энэ шийдвэр нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай харилцаагаа сайжруулахын тулд гаргаж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёны өргөн хүрээтэй хүчин чармайлт бөгөөд өмнөх консерватив үзэлт төрийн тэргүүний хатуу байр сууриас ухарч байгааг харуулж байна. Кимийн дэглэмийг шүүмжлэн чанга яригчаар хил орчимд явуулж байсан нэвтрүүлгийг зогсоох шийдвэрийг Ли өнгөрсөн сард гаргасан юм.