Европт нэвтрэх иргэдийг цахим системээр бүртгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ, 2025 оны долоодугаар сарын 31 /DW/. Энэ оны 10 дугаар сарын 12-ноос гуравдагч орнуудын иргэдийн Европт нэвтрэх ба гарах хөдөлгөөнийг цахим системээр бүртгэж эхэлнэ.
Шенгений бүсэд нэвтрэх
хөдөлгөөнийг бүртгэх EES гэдэг цахим систем нь оршин суух хугацаагаа хэтрүүлсэн
иргэдийг илрүүлснээр аюулгүй байдлыг илүү сайн хангана гэж үзэж байна. Энэ тухай Европын Холбооны /ЕХ/ Цагаачлалын
асуудал эрхэлсэн комиссар Магнус Бруннер Брюссель хотноо мэдэгдлээ.
Энэхүү системийг ашиглах нь хууль
бусаар шилжин суурьших, бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэхийг таслан зогсооход
багагүй ач холбогдолтой ажээ.
Бие хүмүүс ба тэдний хурууны
хээг танихын тулд ашиглах биометрик
өгөгдлүүд нь паспортан дахь дардсыг орлох юм. Түүнээс гадна EES системийн ачаар
өгөгдөлд нэвтрэх хугацаа богиносох тул хил дамнасан гэмт хэрэг ба терроризмтой
тэмцэхэд үр дүнтэй. Гэхдээ
зарим хүмүүсийн шүүмжилж байгаагаар, энэ нь хил дээрх хүлээлгийн хугацааг
сунжруулж магадгүй юм.
Уг системийг өнгөрсөн оны 11
дүгээр сард суурилуулахаар шийдвэрлэсэн боловч Герман, Франц, Нидерланд улсууд
үүнд бэлэн бус байсан тул эцсийн мөчид хойшлуулжээ. EES системийг Ирланд, Кипр
хоёроос бусад ЕХ-ны гишүүн бүх улс ашиглах гэж байна. Хэдийгээр Норвег, Исланд,
Швейцар, Лихтенштейн улсууд тус холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд
хамаардаг тул уг системийг ашиглах ажээ.
Системийг хэрэглэж эхлэхийн өмнө
нисэх онгоцны буудлууд, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд “мэдээллийн кампанит
ажил” зохион байгуулснаар зорчигчид уг системийн талаар мэдээлэл авах
боломжтой. Системийг зургаан сарын хугацаанд шат дараатайгаар суурилуулах бөгөөд ЕХ-ны гишүүн орнууд өөрсдийн
шалган нэвтрүүлэх цэгүүдийн тал хувьд нь гурван сарын хугацаанд суурилуулсан
байх ёстой гэдгийг М.Бруннер мэдэгдсэн байна.
Үүнтэй холбогдуулан дурдахад, ЕХ
цагаачлалын бодлогоо чангатгаж
буй энэ үед Европын Комиссоос энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд “аюулгүй улс орнууд”-ын
жагсаалтыг гаргасан бөгөөд түүнд Бангладеш, Колумб, Косово, Египет, Энэтхэг, Марокко, Тунис
гэсэн долоон улс багтжээ. Ингэснээр эдгээр улсаас ирж орогнол хүсэж буй иргэдийн
өргөдлийг хэлэлцэх хугацаа богиносох юм. Харин хүний эрхийг хамгаалах EuroMed Rights байгууллага эл
шийдвэрийг шүүмжилж “Египет, Марокко, Тунист хүний эрхийн зөрчлүүд гарсаар байгааг
баримтжуулсан бөгөөд эдгээр улсыг “аюулгүй” гэж тодорхойлсон нь төөрөгдөлд
оруулж байна” гэжээ.