Японд 41.8 хэм хүрч халжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 5 /AFP/. Японд өнөөдөр Цельсийн 41.6, 41.8 хэмд хүрч халснаар нэг өдрийн дотор агаарын температур хоёр удаа хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ гэж тус улсын Цаг уурын алба мэдээлжээ.
Мөн агаарын хэм цаашид ч нэмэгдэж магадгүйг сэрэмжлүүлсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарыг тогтворгүй болгосноор сүүлийн жилүүдэд дэлхий даяар агаарын температур
огцом өсөж байгаа бөгөөд Японд ч мөн хэт халах болоод байгаа юм.
Өнөөдөр
Исааки хотод хэт халснаар өнгөрсөн
долоо хоногт баруун Хёго мужид бүртгэгдсэн хамгийн өндөр
үзүүлэлт болох Цельсийн 41.2 хэмийн халууныг давжээ. Өнгөрсөн жил Японд 2023 оныхтой адил түүхэн дэх хамгийн халуун зун
тохиосноос гадна цаг уурын
мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших 126 жилийн түүхэн дэх хамгийн дулаан намар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт жуулчдын очих дуртай Киото хотод агаарын температур Цельсийн +40 хэмд хүрч халжээ. Ингэснээр хамгийн эртнийх нь 1880
онд, хамгийн сүүлийнх нь 2002 онд нээгдсэн ажиглалтын цэгүүдийн мэдээллээр анх удаа ийм өндөр хэм бүртгэгдсэн байна.
Фүжи уулын цасан бүрхүүл ихэвчлэн 10 дугаар сарын эхээр тогтдог бол өнгөрсөн
жил түүхэнд хамгийн хожуу буюу 11 дүгээр сарын эхэн үе хүртэл тогтоогүй юм. Энэ оны долоодугаар
сар нь 1898 оноос хойших
хамгийн халуун сар байсан гэж
цаг уурын агентлаг баасан гарагт мэдээлсэн бөгөөд сарын дундаж температур
1991-2020 оны дунджаас 2.89 хэмээр
илүү байжээ.