Төрийн өмчит компаниудын тоог 22-оор цөөлөхөөр шийдвэрлэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргав.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Төрийн болон төрийн өмчийн оролцоотой толгой компани 86, охин компаниудыг оролцуулан нийт 109 компани эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү зэрэг 11 салбарт үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэхдээ, "Эдгээр компанийг ашигтай ажиллуулах, алдагдалтай ажиллаж байгаа компанийг татан буулгах, нэгтгэх болон үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж, батлуулах чиглэл авсан. Бид төрийн өмчит 109 компани, үйлдвэрийн газрын тоог үе шаттай 20 хувиар бууруулах боломжтой хэмээн үзэж байна" гэв.
Түүнчлэн
төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол,
шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн
хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах,
өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл боловсруулж, наймдугаар сарын 15-ны дотор
танилцуулахыг үүрэг болголоо.
Мөн "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон
нийтэд нээлттэй арилжаалах,төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн
байгуулах үндсэн чиглэл”-ийг боловсруулж танилцуулахыг холбогдох албан
тушаалтнуудад даалгав.
Өнгөрсөн
35 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн өмч хувьчлалын алдаа, оноонд дүгнэлт хийж,
УИХ-аас баталсан хувьчлах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг дуусгавар болгох,
Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг
тодорхойлж, бусдад шилжүүлэх болон өмчийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх
харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, олон улсын
туршлагын дагуу тогтоох асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг
шинэчлэн найруулж, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх
шаардлагатай хэмээн үзжээ.