Apple компани АНУ-д дахин 100 тэрбумын хөрөнгө оруулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 7 /Reuters/. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд АНУ-д 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг нэмж хийхээр төлөвлөж байгаагаа Apple компани мэдэгджээ. Татварыг нэмэгдүүлэх шийдвэрээс үүдэн импортын бүтээгдэхүүн, эд ангиудын зардал өсөж байгааг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Apple зэрэг компаниудыг үйлдвэрүүдээ
Америк руу шилжүүлэхэд шахалт
үзүүлэхийг зорьж байгаа үед дээрх
шийдвэрийг гаргажээ. iPhone
гар утас үйлдвэрлэгч компанийн
гүйцэтгэх захирал Тим Кук
лхагва гарагт Д.Трамптай хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ нэмэлт хөрөнгө оруулалтын талаар мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, энэхүү шийдвэр нь Apple-ийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгддэг чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн Америк дахь үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх ажээ. Уг төлөвлөгөөний дагуу iPhone гар утасны дэлгэцийн шилний үйлдвэрлэлийг Кентакки муж улс руу шилжүүлэх юм.
Мөн Тайванийн
TSMC компанийн Америк дахь
үйлдвэрүүдэд Apple-д зориулсан чипний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр
энэ оны хоёрдугаар сард зарласан хөрөнгө оруулалтыг оролцуулбал Apple-ийн ирэх дөрвөн жилийн хугацаанд АНУ-д оруулах хөрөнгийн хэмжээ
600 тэрбум ам.долларт хүрч байна.