“Хаадын зам-2025”: Түүхэн аялал жуулчлал хөгжсөнөөр нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-08 18:07:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Хаадын зам-2025” үйл ажиллагааг ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Чингис хааны өлгий нутаг Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум Орхоны хөндий хүртэл энэ сарын 4-7-нд зохион байгууллаа.


Энэхүү үйл ажиллагааг “Чингис хаан” үндэсний музейгээс санаачлан эхлүүлж гурав дахь жилдээ зохион байгуулав. Монголын эзэнт гүрэнд холбогддог хаад, язгууртны болоод бичиг соёлын өвийн түүхэн дурсгалт газруудыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх дэлхий нийтийн хүртээл болгох зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эхлүүлсэн байна.


Ийнхүү “Хаадын зам-2025” үйл ажиллагааны нээлт Төв аймгийн Мөнгөн-Морьт сумын Хэрлэнгийн “Цагаан арал”-аас эхэлж, Баяндэлгэр сумын Гүн Галуутайд Алтан ургийн язгууртан Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” залуу зохиолчдын яруу найргийн наадмын өдөрлөг, Баян сумын Өгөөмөрт Лигдэн хааны ордонд тоглож байсан монгол хаадын хөгжим “Чингис хаан” үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын тоглолт, ээлжилж, “ЮНЕСКО-гийн хүн төрөлхтөний соёлын биет бус өвд бүртгүүлсэн хөхүүрийн айраг исгэх уламжлал холбогдох зан үйлийг сурталчилсан “Хаадын ундаа айргийн баяр болов. Мөн Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэгч” адуучин тэмцээн, Баян-Өнжүүл сумын “Зоргол хайрхан”-д “Зураачдын нүдээр Зоргол хайрхан” хээрийн үзэсгэлэн, Дэлгэрхаан суманд Цогт тайжийн хадны бичиг монгол уран бичлэгийн уралдаан зэргийг зохион байгуулжээ.


Нээлтийн үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, Доктор, дэд профессор Г.Эрэгзэн “Их хааны их шүтээн Бурхан Халдун хайрханаа бид ЮНЕСКО-д бүртгүүлж чадсанаараа бахархах хэрэгтэй. Бурхан Халдун Орхоны хөндий хоёулаа Дэлхийн өвд бүртгүүлсэн газрууд тул өндөр ач холбогдотой. Энэхүү түүхэн дурсгалт газруудад Хүрээт довын дурсгал, Хүннүгийн дурсгал суурин түүхт газрууд их бий. Эртний Хархорин хот орчин үеийн Хархорин хот болон сүндэрлэхээр эхэлж байгаад олзуурхаж байна” гэв.

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, Доктор профессор Б.Пүрэвсүрэн “Бид энэ ажлыг 2022 онд эхлүүлэхдээ монгол орон даяар 3 мянга гаруй иргэдэд анкетын болон чанарын судалгааг явуулж соёлын сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлсэн. Энэ томоохон үйл ажиллагааны цар хүрээг жилээс жилд нэмэгдүүлэхэд орон нутгийн оролцоо чухал гэдгийг онцлов.


ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын салбарын ард түмний түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Академич Крадин.Н.Н хэлэхдээ “Академич С.Чулууны санаачилгаар эхлүүлсэн энэ томоохон түүхэн үйл ажиллагаа агуу хүний төрсөн нутаг Их Хайрханаас эхэлж, гэрч болон оролцож мартагдашгүй түүхэн дурсамж бүтээж байгаадаа баяртай байна. Монголын эзэнт гүрнийг дэлхийн XIII-XIV зууны түүхэнд глобалчлалын үе гэж үздэг. Монголын төр засгаас Эх эзнийхээ дурсгалд зориулан төр засгаас нь анхаарч аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалтуудыг хийсээр байна.Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ Монгол-Оросын хаадын дурсгалуудаар дамжуулан хийх боломж харагдаж байна. Оросын эзэнт гүрнийг Монголын эзэнт гүрэн үүсгэсэн гэж үздэг” гэж тодотгов.


Баяндэлгэр сумын Гүн Галуутайд Алтан ургийн язгууртан Их зохиолч Д.Нацагдоржийн Төрсөн гэрийн буйранд “Миний нутаг” залуу зохиолчдын яруу найргийн наадмын өдөрлөг болж нийт найман яруу найрагч, хүүхэд багачууд оролцож “Миний эх орон монголын сайхан орон”шүлгийг уншиж, сонирхуулав.  Мөн Баянцагаан сумын Өгөөмөр Их хотын туурь түүх соёлын үл хөдлөх дурсгалт газарт болсон Дэмбээ уралдаанд нийт 33 дэмбээчин оролцжээ.


Түүнчлэн Баян-Өнжүүл сумын “Зоргол хайрхан”-д “Зураачдын нүдээр Зоргол хайрхан”-ны өвөрт байгалийн үзэсгэлэнг өөр өөрийн өнгөөр зургаан уран бүтээлч оролцож хээрийн үзэсгэлэн дэглэв.


"Хаадын зам-2025 хаалтын үйл ажиллагаа-дүгнэлт хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгийн Хархорины Хархорум музейд хийж “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун оролцож ”2022 онд эхлүүлсэн Хаадын жим-Хаадын замаар үргэлжилж байна. Аливаа ажлыг эхлүүлж хийхэд хамтын хүч оролцоо байхгүй бол ажил урагшлахгүй. Ирэх жил илүү өргөн хүрээнд энэ ажлаа үргэлжлүүлэх болно. Энэ удаа шинжлэх ухааны байгууллагуудыг татан оролцуулсан түүхэн аялал нь соёлын урт жимийг татуулна гэдэгт итгэлтэй байна. Түүх, археологийн үнэ цэнийг тодотгож, өртөөчилсөн соёлыг түгээж, Монголын язгуур оршихуйн гайхамшигт түүхийг эхлүүлж, аялал жуулчлалын шинэ маршрут бий болгосноор нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулах болно” гэдгийг тодотгов.


Энэхүү үйл ажиллагааг ССАЖЗЯ, Төв аймгийн СУАЖЗГ, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Хөх бичиг” Бичиг соёлын академи, орон нутгийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажээ.












 

関連ニュース