Японы боксын холбоо яаралтай хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-11 16:51:19

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 11 /AFP/. Японд болсон боксын нэгэн тэмцээний үеэр хоёр тамирчин амиа алдсантай холбоотой асуудал хурцаар хөндөгдөж буй энэ үед тус улсын боксын салбарынхан мягмар гарагт яаралтай хуралдахаар болжээ. 


Хэт хөнгөн жингийн тамирчин Шигэтоши Котари, хөнгөн жингийн тамирчин Хиромаса Үракава нар наймдугаар сарын 2-нд Токиогийн “Korakuen Hall”-д тэмцээнд оролцсоныхоо дараа тархины мэс засал хийлгээд хэдхэн хоногийн дараа нас барсан байна.


Японы боксын комисс, биеийн тамирын заалны эзэд болон боксын салбарын албаны хүмүүс дээр дурдсан хэрэг явдлын талаар арга хэмжээ авахаас аргагүйд хүрээд байгаа тул мягмар гарагт яаралтай хурал хийхээр болжээ. Тэд ирэх сард мөн аюулгүй байдлын талаар ярилцах төлөвтэй байна гэж Японы хэвлэлүүд мэдээллээ.


Японы боксын комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Цүёши Ясүкочи ням гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Бид энэ спортыг хариуцдагийн хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлаж байна. Бид боломжтой бүх арга хэмжээг авах болно” хэмээн хэлжээ.


Японы хэвлэлүүдэд тамирчид тэмцээний өмнө жингээ хурдан хасахын тулд ус уухаа зогсоодог гэдгийг онцолж байна. “Шингэн дутагдсанаар тархинд цус алдах магадлал илүү өндөр болдог” гэж “Asahi Shimbun” сонинд бичжээ. Энэ бол Японы боксын комисс, багш дасгалжуулагч нарын хэлэлцэхээр төлөвлөж буй асуудлуудын нэг юм.


“Албаны хүмүүс тамирчидтай нягт хамтран ажилладаг биеийн тамирын багш, дасгалжуулагч нараас жингээ хасах арга, тулааны өмнөх нөхцөл байдал зэрэг аминд халтай байж болзошгүй шалтгааны талаар тодруулахыг хүсэж байна” гэж “Nikkan Sports” сонинд бичсэн байна.


Японы боксын комисс яаралтай нэгэн арга хэмжээг авсан нь “Oriental and Pacific Boxing Federation боксын холбооны  аваргын төлөөх бүх тулааны хугацааг 12-оос 10 раунд болгон багасгажээ.

 


関連ニュース