“Eurovision-2026” тэмцээн Венад болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВЕНА, 2025 оны наймдугаар сарын 21 /AFP/. Вена хот Альпийн нурууны Инсбрук хотыг ялснаар 2026 оны “Eurovision” олон улсын дууны тэмцээнийг зохион байгуулахаар болсон тухай Австрийн ÖRF телевиз лхагва гарагт мэдээлжээ. Уг тэмцээн Австрийн нийслэлд өмнө нь 1967, 2015 онуудад болж байв.
Энэ оны
тавдугаар сард Австрийн
дуучин Ж.Ж “Wasted Love” нэртэй дуугаараа ялалт байгуулснаар
Австри улс 70 дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах эрхийг авсан юм. Тэмцээний финалын шатыг хотын
хамгийн том битүү дээвэртэй
цэнгэлдэх хүрээлэн болох “Wiener Stadthalle”-д явуулах ажээ.
1955 онд Швейцарын
Лугано хотод болсон анхны тэмцээнээс
хойш “Eurovision” нь дэлхийн
хамгийн алдартай поп хөгжмийн наадмуудын
нэг болсон билээ. Энэхүү тэмцээн ABBA, Селин Дион,
Оливиа Ньютон-Жон зэрэг дэлхийд
алдар нэрээ цуурайтуулсан уран бүтээлчдэд их замналаа эхлүүлэхэд тус дөхөм болсон юм.
Гоёмсог хувцас, тайз
засалтаараа үзэгчдийн таашаалд нийцсэн өнгөрсөн жилийн Швейцарын Базелийн тэмцээнийг 166 сая хүн шууд дамжуулалтаар үзжээ. Тэмцээний ялагчдыг олон нийтээс болон туршлагатай шүүгчдээс хамгийн өндөр оноо авснаар нь тодруулдаг.