IIHF-ийн оролцоогүйгээр Дэлхийн цомыг зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-23 13:00:53

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 23 /РИА НОВОСТИ/. Дэлхийн цом-2028 тэмцээнийг Олон улсын хоккейн холбооны оролцоогүйгээр явуулахаар төлөвлөж байгаагаа Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /NHL/ мэдэгдсэн тухай спортын сэтгүүлч Даррен Дрегер нийгмийн Х сүлжээний хуудсандаа бичжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний хоккейн лигээс IIHF-д хандан, тус тэмцээнийг төлөвлөхдөө үндэсний хоккейн холбоодтой шууд харилцана гэдгээ мэдэгдсэн байна.


Дэлхийн цомын тэмцээн 2028 оны хоёрдугаар сард болох юм. Спортын сэтгүүлч Дэвид Паньотта NHL-ийн дэд комиссар Билл Дэйлигийн ярьсныг эш татан мэдээлэхдээ, одоогоор тус тэмцээнд 8 улсын шигшээ багуудыг оролцуулахаар төлөвлөжээ. Урьдчилан тоглолтууд Европын нэг, Хойд Америкийн нэг хотод, хагас шигшээ ба шигшээ тоглолтууд Хойд Америкийн нэг хотод болно.


Дэлхийн цомын тэмцээн хамгийн сүүлд 2016 онд Канадын Торонто хотод болж, Орос, Канад, АНУ, Финланд, Швед, Чехийн шигшээ багууд оролцсон байна. Тус тэмцээнд Канадын баг аваргалсан бол Оросын баг хагас шигшээд тоглосон юм. Өмнөх хоёр тэмцээн 1996, 2004 онуудад болжээ.


IIHF-ийн тухайд, тус холбоо улс төрийн шалтгаанаар 2026 оны ДАШТ болон Милан, Кортина-д'Ампеццо-д болох өвлийн Олимпын наадамд Оросын хоккейн шигшээ багийг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Харин Дэлхийн цом бол IIHF-ийн ивээл дор болдог тэмцээн биш юм. 

関連ニュース