Тянжин хот ШХАБ-ын уулзалтад бэлэн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-25 10:37:56

ТЯНЖИН, 2025 оны наймдугаар сарын 25 /Синьхуа/. Хятад улсын хойд нутгийн мегаполис боомт хот Тянжинд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил дуусах шатандаа оржээ.


ШХАБ-ын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй тус уулзалт наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд болж, 20 гаруй улсын төрийн тэргүүн нар, олон улсын 10 байгууллагын удирдагчид оролцоно.  


“Та өөрийгөө хүсэн хүлээсэн зочин гэдгээ мэдэрч, үүний сацуу урам зоригийг авч болох хот бол Тянжин мөн. Нутгийн оршин суугчдын халуун дотно сэтгэл надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн” гэж Пакистанаас Тянжиний их сургуульд ирж докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй Мухаммад Сарфраз ярьж байна.   


Дээд хэмжээний уулзалтад бэлтгэх хүрээнд хотын өнгө төрхийг шинэчлэхийн тулд маш их ажлыг гүйцэтгэжээ. Хотын дундуур урсдаг Хайхэ голын дагуух 217 барилга байгууламж, 14 гүүр ба эрэг орчмын 8,2 км урт талбайг бүхэлд нь гэрэлтүүлсэн байна.


Шөнийн үзэмж төгс байдлыг бүрдүүлснээр урьд хожид ирж байгаагүй олон тооны жуулчныг татаж байна. Шөнө бүр 70 гаруй удаагийн хөлөг онгоц, завьтай аяллыг зохион байгуулж байгаа бөгөөд тасалбар маш их эрэлттэй байна гэж Tianjin Jinlv Haihe Cruises Co., Ltd компанийн менежер Фан Фукун ярилаа.


Иранаас ирсэн Назанин Дехганбордбар тус хотод уламжлал ба орчин үеийн төрх байдлыг хослуулсныг өндрөөр үнэлээд “Тянжин бол эрт үе ба орчин цагийг холбосон төгс сайхан гүүр юм” гэлээ.


Хотын захиргаанаас дэд бүтцийг сайжруулах, ялангуяа зам, гүүрийг засварлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулахад ихээхэн анхаарал тавьж байна.


Үүний сацуу тус хотын их дээд сургуулиудын 1000 орчим оюутан ШХАБ-ын хурлын үеэр сайн дураараа ажиллахын тулд дипломат ёсзүй, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрхэн ажиллах, орчуулга хийх талаар сургалтад хамрагджээ. Хотын дүүргүүдэд сайн дурын ажилтнууд болох тэтгэврийн насныхан, оюутнууд, намын гишүүд найрсаг уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд “ШХАБ-д үйлчлэх багууд”-ад хуваагдан ажиллана.  


“ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй энэ чухал боломжийг бид дээд зэргээр ашиглаж, энэхүү олон улсын арга хэмжээг шаардлагатай бүх зүйлээр хангахаар ажиллаж байна” гэж Тянжин хотын захиргааны албан тушаалтан Юй Пэнжоу ярилаа.


Киргизийн Дэлхийн улс төрийн бодлогын хүрээлэнгийн захирал Шерадил Бактыгулов ярихдаа “Дэлхий дахины байдал тогтворгүй байгаа энэ цаг үед ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Тянжинд болох гэж байна, энэхүү уулзалт нь аюулгүй бөгөөд тогтвортой хөгжилд чиглэсэн зөв замыг заагч од байх болно” гэв.    

関連ニュース