Д.Трамп Балтиморт цэрэг байрлуулна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 25 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Балтимор хотод цэрэг байрлуулна хэмээн сүрдүүлжээ. Мэрилэнд муж улсын захирагч, Ардчилсан намын гишүүн Уэс Мурын зүгээс түүнийг тус хотод “аюулгүй байдлыг шалгаж хамт алхах”-ыг урьсны дараа тэдний хоорондох маргаан ийнхүү хурцадсан байна.
“Хэрэв Лос-Анжелест шаардлагатай болсон шиг тусламж Уэс Мурт хэрэгтэй
бол би ойролцоох Вашингтонд байгаа цэргүүдийг тус хот руу илгээж, гэмт хэрэгтнүүдийг үтэр түргэн цэвэрлэх
болно” гэж Д.Трамп нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Ардчилсан намынхны удирдаж буй хотуудад Үндэсний гвардын цэргүүдийг байрлуулах ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед дээрх мэдэгдлийг хийлээ. Хууль сахиулах ажиллагаанд цэргийн албан хаагчдыг дайчлах нь Ардчилсан намынхны ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Нэгэн муж улсын захирагч уг шийдвэрийг “эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл” гэж тодорхойлжээ.
Ирэх долоо хоногт 19 муж улсад Үндэсний гвардын 1700 цэргийг дайчлах төлөвтэй байна гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Д.Трамп хэдийн 2000 орчим цэргийг Ардчилсан намын “түшиц газар” болох Вашингтон хотод байрлуулаад байна. Уг ажиллагаа эхэлснээс хойш олон зуун хүнийг баривчилсан гэж Цагаан ордон мэдэгджээ.
Баасан гарагт Цагаан ордны зууван танхимд үг хэлэх үеэрээ Д.Трамп уг ажиллагаа Вашингтонд “аюулгүй байдлыг” бүрэн хангасан гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн
баасан гарагт Пентагон АНУ-ын нийслэлд өмнө нь зэвсэггүй эргүүл хийж байсан цэргүүд зэвсэгтэй явна гэдгийг баталжээ.
Гэхдээ Вашингтон
хотын Цагдаагийн газраас нийтэлсэн тоо баримтыг үзвэл, хүчирхийллийн гэмт хэрэг 2023 онд
дээд цэгтээ хүрснийхээ дараа буурч, 2024 онд сүүлийн 30 жилийн хамгийн доод
түвшинд хүрсэн байна. 2025 оны
урьдчилсан мэдээллээр мөн уг
үзүүлэлт буурсаар байгаа нь
харагдана.
Д.Трамп
Нью-Йорк, Чикагод ч мөн цэргүүдийг
байрлуулна гэж хэлсэн байна. Энэхүү нөхцөл байдал нь
Иллинойс муж улсын захирагч
Ж.Б.Прицкер зэрэг бусад муж улс,
хотуудын Ардчилсан намын удирдагчдын
зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд Д.Трамп Чикагод цэрэг оруулна гэж
сүрдүүлсэн нь эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг гэж тэд үзэж байна.
Төлөөлөгчдийн танхимын
цөөнхийн бүлгийн
удирдагч Хаким Жеффрис мэдэгдэхдээ "Д.Трампт Балтимор, Чикаго зэрэг хотууд руу
цэргээ илгээх хууль ёсны эрх мэдэл байхгүй" гэжээ. Өнгөрсөн долоо хоногт “Washington Post” сонин болон “Schar” сургуулийн явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, Вашингтон хотын оршин суугчдын хувьд цэрэг байрлуулсан нь таалагдаагүй бөгөөд тэдний 80 орчим хувь нь Үндэсний гвардыг байрлуулах, мөн цагдаагийн
газрыг холбооны улсын хяналтад оруулахыг
эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.