ДАРХАН-УУЛ: Тариаланчид үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-09-03 16:28:44

Дархан, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд газар, тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн ААНБ-ууд үр тарианы талбайн түүхийн дэвтэр хөтөлж эхлэхээр болжээ. Ингэснээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээлэл тодорхой болох юм.


Тодруулбал, тариаланчид ургамлын үрийн мэдээлэл, тариалалтын өмнөх хөрс боловсруулалт, соёололт, өвчний эсрэг авсан арга хэмжээ, хортон шавжийн эсрэг хийсэн ажил, ургацын урьдчилсан баланс тогтоох, ургац хураалт, тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ хүргүүлсэн эсэх зэрэг хаврын бэлтгэл ажлаас намрын ажил дуусах хугацааны бүх мэдээллийг тухайн дэвтэрт хөтөлж явах ажээ.




Мөн талбайн ургацыг тооцох, хураах нь тариалангийн ажлын эцсийн үр дүнг үнэн зөв гаргах хамгийн хариуцлагатай ажил гэдгийг хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд онцолдог.


Тэгвэл жил бүр тогтмол тоон үзүүлэлтээр дэвтэрт хөтөлж явах нь цаашид тариаланчдын санхүүгийн байдалд тодорхой хэмжээгээр эергээр нөлөөлөх юм.


Өмнө нь талбайн түүхийн дэвтэр хөтөлдөггүй, усалгааны усны дээжийг шинжилгээнд хамруулаагүй, гарал үүслийн гэрчилгээ аваагүй, ажилтнуудыг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, бүтээгдэхүүнээ шинжилгээ баталгаажилтад хамруулдаггүй, ул мөр, мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй зэрэг зөрчил, дутагдлууд илэрдэг байсан байна.


Дээрх зөрчил, дутагдлаас үүдэн аливаа зээл, тусламжид хамрагдах боломжгүй ч нөхцөл үүсдэг. Харин үр тарианы талбайн түүхийн дэвтрийг тогтмол хөтөлж эхэлж сурсан тохиолдолд зөрчилгүй болохоос гадна зээл, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах боломж илүү нэмэгдэх юм.


Тус дэвтрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвөөс эрхлэн гаргасан байна.

 

関連ニュース