ЗАВХАН: Хээлтүүлэгч ямааны ноолуурын микрон тодорхойлох судалгааг эхлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймаг
энэ оны хөгжлийн төлөвлөгөөндөө хээлтүүлэгч ямааны ноолуурын микрон тодорхойлох
судалгааны ажлыг тусган эхлүүлжээ.
Завхан аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан аймгийн хэмжээний хээлтүүлэгч ямааны ноолуурын микрон тодорхойлох судалгааны ажлыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цөм сүргийн салбар нэгж хамтран хийж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн 22 сумаас 2253 хээлтүүлэгч ямааны ноолуурын дээжийг
хүлээн авч ноолуурын микрон тодорхойлох судалгааны ажлын бэлтгэл ажлыг хангаад
байна.
Завхан аймгийн хэмжээнд 1988 онд
ноолуурын ямааны улсын үржлийн ферм байгуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй
эрдэм-шинжилгээ үйлдвэрлэлийн ажил явуулсан түүхтэй. Ийнхүү тохиромжтой
хэвшлийн ямааг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар 30 шахам жил явуулсан
үржил-селекцийн ажлын үр дүнд Их
нуурын хотгор орчмын болон хангайн бүсэд зохицсон нарийн кашмер, ноолуур,
мах сүүний чиглэлийн “Завхан буурал” үүлдрийн ямаа бий болсон юм.
Завхан буурал үүлдэр нь монгол үүлдрийн
ямааны үндсэн шинж чанарыг хадгалсан, зонхилох зүс хар, нүүр, дөрвөн хөл,
хэвлий, бөгсөн биеэр нь улаан, цагаан судалтай халтар. Заримдаа буурал хошуутай, нурууны гол
шугамаа дагасан хүрэн бор судалтай, ноолуурын зонхилох өнгө цайвар саарал, голч
нарийн, чанар сайтай. Үржлийн сүргийн эм ямааны 15-20 хувь нь тулман хөхтэй, хоногийн саам 500-1350 гр
хэлбэлздэг гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Ташрамд, Завхан
буурал үүлдрийг Хүнс,
хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/24 дүгээр тушаалаар баталсан бөгөөд, завхан
буурал үүлдрийн ямааны судалгаа, тодорхойлолтыг Монгол Улсын
гавьяат мал зүйч Л.Лхаасүрэн, малын
эмч Ж.Отгоолой, профессор
доктор Л.Чой-Иш нар
бичжээ.
Эдгээр малын эмч, судлаачдын өгүүлснээр, цаашид Завхан буурал үүлдрийг сүргийн доторх жин ихтэй, ноолуурын гарц ихтэй, хосолсон (жин- ноолуурын гарц эсвэл гарц-амьдын жин) шинж бүхий малд түшиглэн ашиг шим, үржлийн чанараа цаашид сайжруулахад чиглэж ажиллах нь зүйтэй хэмээжээ.