БРИКС-ийн орнуудын удирдагчид цахимаар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-09 12:07:53

МОСКВА, 2025 оны есдүгээр сарын 9 /RIA Novosti/. Өчигдөр буюу даваа гарагт БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтыг цахимаар зохион байгуулжээ. Удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины нөхцөл байдлыг хэлэлцэхэд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотоос оролцсон байна.


"БРИКС-ийн гишүүн орнуудын худалдаа-эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт болон бусад салбар дахь хамтын ажиллагааны асуудлуудыг дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан хэлэлцлээ" гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Энэхүү арга хэмжээг Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн санаачилгаар зохион байгуулсан бөгөөд уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлогыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргахгүй гэж “Bloomberg” агентлаг өмнө нь мэдээлсэн байна.


Бразилын удирдагч уулзалтын үеэр хэлэхдээ, АНУ-ын засаг захиргаанаас тогтоож буй татварууд нь БРИКС-ийн орнуудын эдийн засгийн эсрэг чиглэсэн хэмээн мэдэгджээ. "Гадаад руу чиглэсэн арга хэмжээ нь манай институцуудад аюул учруулж байгаа бол хоёрдогч хориг арга хэмжээ нь найрсаг орнуудын худалдааг бэхжүүлэх эрх чөлөөг хязгаарлаж байна. “Хувааж, захир” гэсэн нэг талын үйл ажиллагааны шинэ стратеги бий болоод байгаа үед хамтын ажиллагаа бол бүхнээс чухал гэдгийг БРИКС харуулах ёстой” гэж Лула да Силва мэдэгджээ.


Тэрбээр мөн Украины нөхцөл байдлыг хөндөөд, мөргөлдөөнийг бүх талын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан бодитойгоор шийдвэрлэхийг уриалсан байна. БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин энэ байр суурийг дэмжсэн байна.


БРИКС нь 2006 онд анх байгуулагдахдаа БРИК гэсэн нэртэй байсан бөгөөд 2011 онд  Өмнөд Африк нэгдсэнээр нэрээ БРИКС болгон өөрчилсөн түүхтэй. 2024 онд Египет, АНЭУ, Иран, Этиоп улсууд тус бүлгийн бүрэн эрхт гишүүн болжээ. Энэ оны нэгдүгээр сард Индонез улс бүрэн эрхт гишүүнээр элссэн байна. 


Ши Жиньпин БРИКС-ийн орнуудыг давуу талуудаа ашиглаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг уриалаад, тус бүлэг нь нээлттэй ил тод байдлыг дэмжиж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг хамгаалах ёстой хэмээн нэмж дурджээ. “Зарим улс орон худалдаа, тарифын дайныг тасралтгүй явуулж байгаа нь дэлхийн эдийн засагт ноцтойгоор нөлөөлж, олон улсын худалдааны дүрэм журмыг сулруулж байна” гэж тэрбээр хэлсэн байна. 


БРИКС нь олон улсын тогтворгүй байдлын сорилтыг даван туулж, тогтвортой, урт хугацаанд хөгжинө гэдэгт Ши Жиньпин итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “БРИКС-ийн орнууд хэдий чинээ нягт хамтран ажиллана, гадаад сорилтод төдий чинээ итгэлтэйгээр хариу арга хэмжээ авч чадна" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси үг хэлэхдээ, БРИКС нь харилцан хүндлэх зарчмуудад тулгуурласан хамтын ажиллагааг дэмждэг гэдгийг онцолжээ. Тэрбээр олон улсын нэр хүндтэй форумын хувьд БРИКС-ийн ач холбогдол өссөөр байгааг тэмдэглэсэн байна.


ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоса нэг туйлт дэлхийгээс олон туйлт дэлхий рүү шилжиж байгааг онцлоод БРИКС-ийн орнууд олон талт институцийн шинэчлэлийг урагшлуулахад тэргүүн эгнээнд байсан гэдгийг дурджээ. Тэрбээр хэлэхдээ

“ӨАБНУ Дэлхийн худалдааны байгууллагыг (ДХБ) шинэчлэх санаачилгыг дэмжиж байгаагаа дахин нотолж байна. БРИКС-ийн орнууд ДХБ-ын түвшинд хэрэгжих ёстой шинэчлэлийг дэмжихэд оролцох ёстой” гэсэн байна. 


С.Рамафоса мөн олон улсын худалдаанд томоохон өөрчлөлт гарч, дэлхийн эдийн засгийг шинэчлэхэд сорилтуудыг ч, боломжуудыг ч бий болгож байгааг онцолсон байна. Тэрбээр БРИКС-ийн орнуудын эдийн засгийг улам тогтвортой болгох санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Дээд хэмжээний уулзалтын дараа Бразилын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, удирдагчид олон улсын илүү шударга дэг журамд шилжих шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.


“Уулзалтын үеэр мөн нэг талын арга хэмжээ, тэр дундаа олон улсын худалдаанд үүсэж буй эрсдэлд хэрхэн хариу арга хэмжээ авах, БРИКС-ийн орнуудын эв санааны нэгдэл, уялдаа холбоо болон худалдааны механизмыг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов” гэж мэдэгдэлд дурдсан байна. Удирдагчид мөн олон талт байдлыг хамгаалах, бэхжүүлэх, олон улсын институцуудыг шинэчлэх амлалтаа дахин нотолжээ. 


Хятадын Төв телевизээр мэдээлснээр, БРИКС-ийн орнуудын удирдагчид мөн Украины хямрал болон Газын зурвас дахь мөргөлдөөний асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.


“Талууд мөн Украины хямралыг зохицуулахад “Энх тайвны анд нөхөд” бүлгийн үүргийг ашиглах, Палестины асуудалд “Хоёр улс, хоёр ард түмэн” зарчмыг баримтлах, Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг дэмжихээр тохиролцсон” гэж тус телевиз мэдээлжээ. 




関連ニュース