ЗАВХАН: Яруу, Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-09 15:17:36

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймагт тарваган тахлын тандал шинжилгээг хийж, голомтот нутгийн иргэдэд тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч байгаа талаар Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.


Энэ оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу долоо, наймдугаар сард Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутагт тарваган тахлын тандал шинжилгээг 36 мянган га талбайд хийлээ.


Шинжилгээний үеэр тарвага 20, зурам 60-ыг олзворлон нян судлалын шинжилгээ хийхэд Улаан хад гэх газраас олзворлосон зурамнаас тарваган тахлын эмгэгтөрөгч нянгийн өсгөвөр илэрсэн. Мөн Яруу сумын Зүйл багийн Ар булаг гэх газраас хайгуулаар олзворлосон хоёр тарваганы зэм үхдлээс тарваган тахлын эмгэгтөрөгч нянгийн өсгөвөр илэрсэн байна.

Аймгийн Онцгой комиссын 8-р хурлаас гарсан шийдвэрийн дагуу тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт сэргийлэлтийн ажлыг эрчимжүүлж хайгуулаар, Яруу сумын Зүйл багийн Хэрсэн гэх газраас тарваганы зэм олборлон лабораторын шинжилгээнд хамруулахад тарваган тахлын эмгэг төрөгч нян илэрлээ. Дээрх сумдын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна. 


Түүнчлэн төлөвлөгөөний дагуу Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур, Жаахан нуур, Бугат нуурт шувуудын тооллого хийсэн. Энэ үеэр 11 зүйлийн 2324 шувуу тоолсноос эмнэл зүй шинж тэмдэг илэрсэн шувууд ажиглагдаагүй.


Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг суманд тарваган тахлын голомтын идэвхжил их байдаг.


Хөрш зэргэлдээ Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд энэ сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж батлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед тарваган тахлын голомттой бүс нутгийн иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг өгч байна.


Ялангуяа Хөвсгөл аймгийн сумуудтай хил залгаа сумууд, голомтот бүс нутагт аялал зугаалгаар яваа 230 гаруй хүнд тарваган тахал өвчин, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа зөвлөмжийг өгч байна гэв.

Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур, Жаахан нуур, Бугат нууруудад шувуудын тооллого, судалгаа хийжээ


Тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч байна

関連ニュース