БАЯНХОНГОР: Баянхонгорын нутаг хадны бичээс, сүг зураг, буган чулуун хөшөө олонтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-10 12:04:54

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баянхонгороос чулуун зэвсэг, хүрлийн үеийн зэр зэвсэг, багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс олноор олдсон байдаг бөгөөд ихэнх нутгаар хадны бичээс, дүрс, сүг зураг, бичигт хөшөө, буган чулуу, хүн чулуу тархсан байдаг. Тус аймгийн долоон гайхамшгаар Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түрэгийн үеийн бичээс, Бүгийн цавын хоолой, Шаргалжуутын халуун рашаан, Их богд уулыг нэрлэдэг.


Археологи, палентологийн олдвор, эртний түүх, музейн үзмэрийн дээжис болон гадаадын зарим орны эрдэмтдийн судалгаа Баянхонгор аймаг нь хүн үүслийн өлгий нутаг байж болохыг харуулдаг нь сонирхол татахуйц.


Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан, Баян-Өндөр сумын Чихэн агуй, Богд сумын Орог нуурын Эх булагийн чулуун зэвсгийн дурсгалууд, Баянлиг сумын 3оог зуухын голын хуучин, шинэ, хүрэл зэвсгийн үеийн дурсгалт газруудаас олдсон археологийн олдвор нь одоогоос 500 мянган жилийн өмнө манай дэлхий дээр хүн амьдарч байсныг нотлох үнэ цэнтэй олдворууд юм. Түүнээс гадна Баянлиг сумын нутаг Их Богдын нурууны Их баян уулын Цагаан агуйд 750-850 мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онд хийсэн Орос, Монгол, Америкийн судалгааны багууд малтлага судалгааны үр дунд тогтоожээ.

Мөн түүхт Хүрэн бэлчир нь Монголын эртний түүх, утга зохиолын гайхамшигт дурсгал болох "Монголын нууц товчоо"-нд Их эзэн Чингис хааны цэрэг дайлаар мордохдоо Хүрэн бэлчирт буудаллаж байсан тухай өгүүлсэн нь бий. 1686 онд Халхын өндөр Гэгээн Занабазар, Ламын гэгээн Лувсанданзанжанцан, нарын удирдлагын дор Дөчин дөрвөний ноёдын их чуулган мөн энэ нутагт болж, Монгол түмний хувь заяаны асуудлыг тунгаан болгоож байсан түүхтэй газар юм.


Баянхонгор аймаг нь хадны сүг зураг бичгийн дурсгал болох Бичигт хад эдүгээгээс 3000 жилийн тэртээд холбогдох эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг /энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг/ дурсгал юм.


Мөн Эрдэнэцогт сумын Шатар чулууны дурсгал, Бууцагаан сумын Гурванмандал уулын хадны суг зураг Руни бичгийн дурсгал, Бөмбөгөр сумын Тай нурууны гэрэлт хөшөө зэрэг соёлын нандин өв болох сүг зургууд бүхий байгалийн галерей бий.

関連ニュース