БАЯНХОНГОР: Сүм хийдэд шавилан сууж байсан 600 гаруй иргэнийг хэлмэгдүүлж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-10 16:07:29
Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. 1937 оноос эхтэй улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдрийг УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд хэлмэгдэлтийн шуурганд 30 сүм хийдэд шавилан сууж байсан 600 гаруй иргэн өртсөн болох нь бүртгэгдсэн байдаг. Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан тус аймгийн Хөгжимт драмын театрын урд цэцэрлэгт хүрээлэнд 10 гаруй жилийн өмнө "Хэлмэгдэгсдийн хөшөө" босгосон бөгөөд "Өндөг шиг өөгүй хүмүүсийг "том гараар" нугачин дарж байсныг өгүүлэхийг зорьсон" хэмээн хөшөөг урлаач нь тайлбарлаж байсан түүхтэй.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр Баянхонгор аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, сумын ЗДТГ зэрэг байгууллагын албан хаагчид Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, аймгийн ИТХ, түүний ажлын албанаас ЕБС-иудтай хамтран сурагчдад хэлмэгдлийн хор уршгийн талаар лекц хичээл орж, шашин номын байгууллагууд буяны ном хурж, замын хөдөлгөөнд оролцож буй авто машинууд ойрын гэрлээ асааж хүндэтгэл үзүүлдаг уламжлал тогтоод байна.

Дуулгахад, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын 2022 оны наймдугаар сарын 21-ний 10 тоот захирамжийн дагуу Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейд “Улс төрийн хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн булан”-г нээжээ. Музейгээс улс төрийн хэлмэгдэгсэдтэй холбогдолтой эд өлгийн зүйлс, архивын баримт материалаар сан хөмрөгөө баяжуулах ажлыг өрнүүлж байгаа юм.

関連ニュース