Исламын шашинт арабын орнуудын удирдагчид Израилын цохилтыг буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДОХА, 2025 оны есдүгээр сарын 16 /DW/. Арабын улсуудын холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчид Доха хотноо даваа гарагт уулзлаа.
Уулзалтад оролцогчид ХАМАС бүлэглэлийн удирдагчдыг устгах зорилгоор Катарын нийслэлд өгсөн Израилын цохилтыг буруушааж, "Палестины ард түмний эсрэг түрэмгийллээ үргэлжлүүлэх боломжийг Израилд олгохгүй байх үүднээс хууль ёсны, үр дүнтэй арга хэмжээ авахыг" уриалжээ.
Дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд Израилд зэвсэг худалдахыг хориглох, мөн тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурджээ. Түүнчлэн НҮБ дахь Израилын гишүүнчлэлийг түр хугацаагаар зогсооход чиглэсэн үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулахыг Исламын хамтын ажиллагааны гишүүн болох 57 улсын удирдагчид уриалсан байна.
Катарын Эмир Тамим бен Хамад Аль Тани Дохад өгсөн Израилын цохилтыг "хулчгар террорист халдлага", "сургууль, дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг орон сууцны дүүрэгт явуулсан итгэл эвдсэн түрэмгийлэл" гэж тодорхойлжээ.
Дээд хэмжээний уулзалтад оролцогчид мөн Иордан голын Баруун эрэгт еврейчүүдийн суурингууд барьж байгааг буруушааж, геноцид, угсаатны цэвэрлэгээ хийж, өлсгөлөнг бий болгосон хэмээн буруутгав. Израилын үйл ажиллагаа нь Ойрх Дорнодод "энх тайван тогтоох аливаа боломжийг үгүй хийж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.