Д.Трамп Их Британид хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-17 09:32:34

ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын 17 /Reuters/. Их Британийн Хаан III Чарльз, Ерөнхий сайд Кир Стармер нарын урилгаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гаргийн орой тус улсад хүрэлцэн иржээ. 


К.Стармерын ажлын албанаас мэдээлснээр, энэхүү айлчлал нь Их Британи, АНУ-ын харилцаа бол 250 жилийн түүхтэй дэлхийн хамгийн бат бөх харилцаа гэдгийг харуулах ажээ.


Эрчим хүч, технологийн салбарт 10 тэрбум ам.доллароос /8.5 тэрбум евро/ дээш үнийн дүн бүхий гэрээ хэлэлцээрүүдийн талаар зарлана гэж АНУ-ын өндөр албан тушаалтнууд даваа гарагт мэдэгджээ. Хоёр улс цөмийн эрчим хүчийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.


Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч гэргий Меланиагийн хамт Виндзорын шилтгээнд болох ёслолд оролцоно. Хаан Чарльз, хатан Камилла, хунтайж Уильям, гүнж Кэтрин нар эдлэн газраар тэднийг сүйх тэрэгний цуваагаар дагалдан явна. Мөн төрийн цайллага, цэргийн нисэх онгоцны үзүүлэх нислэг, ёслолын буудлага хийхээр төлөвлөжээ. 


К.Стармер пүрэв гарагт Д.Трампыг Английн өмнөд хэсэг дэх Чекерс өргөөнд хүлээн авч уулзана. Хоёр удирдагч Их Британиас АНУ-д нийлүүлэх гангийн татварын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Тавдугаар сард Лондон, Вашингтоны төлөөлөгчид АНУ-д нийлүүлэх авто машин зэргийн татварыг бууруулах худалдааны хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрсэн боловч 25 хувийн татвар ногдуулах гангийн талаар эцсийн шийдэлд хүрч чадаагүй юм.


“Би мөн тэнд худалдааны асуудлыг хэлэлцэнэ. Тэд худалдааны хэлэлцээрийг арай илүү боловсронгуй болгох боломжтой эсэхийг мэдэхийг хүсэж байгаа” гэж Д.Трамп Air Force One онгоцоор хөөрөхөөсөө өмнө сэтгүүлчдэд хэлжээ. Мөн бид гэрээ хийсэн, энэ бол маш том гэрээ, би тэдэнд туслах болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


К.Стармер мөн ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахад Д.Трампыг ятгаж магадгүй байна. Д.Трампыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дагалдан яваа бөгөөд тэрбээр Их Британийн шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Иветт Купертэй хэлэлцээ хийнэ.


Энэ оны хоёрдугаар сард К.Стармер Цагаан ордонд зочлох үеэрээ хааны хувийн захидлыг түүнд дамжуулсан билээ. Д.Трамп захидлыг телевизийн камерт бахархалтайгаар үзүүлж байлаа. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Их Британид хоёр дахь удаагаа төрийн айлчлал хийх хүндэтгэл хүлээсэн анхны тохиолдол болсон юм. К.Стармерын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, энэ удаагийн төрийн айлчлалыг "дэлхийн тогтвортой байдал, аюулгүй байдлын хувьд чухал цаг үед тохиож буй түүхэн үйл явдал" хэмээн тодорхойлжээ.


Д.Трамп Их Британийг зорихын өмнө сэтгүүлчдэд хандаж үг хэлэхдээ, Их Британи болон өөрийн найз хаан Чарльзтай маш сайн харилцаатай гэдгээ дурдсан байна.


Хэн нэгэн хүнд хоёр удаагаа ийм хүндэтгэл үзүүлсэн анхны тохиолдол энэ болж байна. Тиймээс энэ бол маш том нэр төрийн хэрэг юм” гэж Д.Трамп хэлжээ. Тэрбээр 2019 онд эхний бүрэн эрхийн хугацааныхаа үеэр Их Британид төрийн айлчлал хийж, талийгаач хатан хаан II Элизабеттэй уулзаж байсан юм. 

関連ニュース