Ф.Кипьегон 1500 м-ийн гүйлтэд дөрөв дэх удаагаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-17 11:30:50

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 17 /Reuters/. Олимпын гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилтын эзэн Кенийн тамирчин Фейт Кипьегон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ 1500 м-ийн зайд дөрөв дэх удаагаа түрүүллээ. Ийнхүү тэрбээр бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг гэдгээ баталлаа. 


Ф.Кипьегон 3 минут 52.15 секундэд барианд орсноор алтан медалийн эзэн болсон бол түүний нутаг нэгт тамирчин Доркус Эвой 3:54.92 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Харин Австралийн тамирчин Жессика Халл хүрэл медалийн /3:55.16/ болзол хангаснаар уг төрөлд тэмцээний анхны медалийг эх орондоо авчирсан байна.



Өдгөө 31 настай Ф.Кипьегон одоо ДАШТ-ий 1500 м-ийн зайд дөрвөн алтан медаль хүртсэн амжилтаар Мароккогийн тамирчин Хишам Эль-Герружтай (1997-2003) эн зэрэгцэж байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр 5000 м-ийн зайд хоёр дахь удаагаа дэлхийн аварга болохын төлөө өрсөлдөнө.


“Аваргын цолоо хамгаалж, дөрөв дэх алтан медалиа хүртэхэд үнэхээр гайхалтай санагдаж байна. Южин хотод /долоодугаар сард/ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосныхоо дараа би өөртөө Токиод очиж аваргын цолоо хамгаалах ёстой гэж хэлсэн. Ээж болсныхоо дөнгөж дараахан би 2021 оны Олимпод түрүүлж байсан. Энд эргэн ирээд дахин нэг удаа түрүүлснээр охиндоо шинэ алтан медалиа үзүүлж чадахаар боллоо” гэж Ф.Кипьегон ярьжээ.

関連ニュース