“Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-20 17:23:22

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотын Захиргаанаас “Сөүл хотод суралцъя” боловсролын үзэсгэлэнг энэ амралтын өдрүүдэд “Блью скай” зочид буудалд зохион байгуулж байна.


Үзэсгэлэнд Сөүл хотын тэргүүлэх 16 их, дээд сургууль, Технологийн тэтгэлгийн сан, Глобал центр зэрэг 18 байгууллагын төлөөлөл оролцон, эрдэм шинжилгээний хөтөлбөр, сургуулийн элсэлт, тэтгэлэг, виз болон гадаад оюутнуудад Сөүлд сурч, амьдрахад шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа юм.


БНСУ-ын Сөүл хотын Захиргааны Гадаад харилцаа, хотын хөгжлийн бодлогын газрын ерөнхий захирал Ким Су Деок ярихдаа “Сөүл хотод 54 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Олон орны оюутан, залуус манай хотын их, дээд сургуулийг сонгон суралцахаар ирдгээс монгол оюутнууд оюуны чадамж өндөртэй, хичээл зүтгэлтэй суралцдаг тул үзэсгэлэн зохион байгуулахаар болсон” гэлээ.



Боловсролын үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар “HiKorea-Боловсрол зуучлалын агентлаг” оролцон, сургууль тус бүрд орчуулагч гаргаж өгснөөр зөвлөгөө, мэдээллийг хэлний бэрхшээлгүй авах боломж бүрдүүлж байна.


Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 



関連ニュース