Мюнхений нисэх буудал түр хаагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-03 11:23:24

БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 3 /BBC/. Агаарын орон зайд нь дронууд ойртсоны улмаас Германы Мюнхений нисэх онгоцны буудал арав гаруй нислэгээ цуцалжээ. Мюнхен хотод хамгийн цөөндөө 17 нислэгийг зогсоосны улмаас 3000 орчим зорчигч саатсан байна. 


Нисэх онгоцны буудлаас мэдээлснээр, ойр орчмын хотууд руу хийх өөр 15 нислэгийн чиглэлийг өөрчилжээ. Дронууд хаанаас ирснийг одоогоор тогтоогоогүй байна. Сүүлийн долоо хоногуудад Европ даяар хэд хэдэн нисэх онгоцны буудлууд үл мэдэгдэх дронуудаас болж түр хаагдсан юм.


Мюнхений нисэх онгоцны буудлын мэргэжилтнүүд дронуудыг илрүүлснийхээ дараа эрх баригчдад мэдэгдсэн байна. Нисэх буудлаас явах нислэгүүдийг түр зогсоосон гэж тус нисэх онгоцны буудлаас мэдээлжээ. Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас Мюнхенд буух ёстой байсан нислэгүүдийг Штутгарт, Нюрнберг, Вена, Франкфурт руу чиглүүлсэн байна.


Харанхуй байсан тул дронуудын төрөл, хэмжээ, гарал үүслийн талаарх мэдээлэл батлагдаагүй байна гэж Холбооны цагдаагийн газрын төлөөлөгч Стефан Байер Bild сонинд мэдээлжээ. Нисгэгчгүй онгоцуудыг орон нутгийн цагаар 21:30 цагийн орчимд анх илрүүлсэн бөгөөд түүнээс хойш нэг цагийн дараа дахин харагдсан гэж цагдаа нар хэлсэн байна.


Саяхан Европын Холбоо даяар дронууд ажиглагдсан нь энэ долоо хоногт Копенхаген хотноо удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийхэд хүргэсэн юм. Тухайлбал, Оросын 20 дрон Польш руу нэвтэрч, Оросын МиГ-31 онгоцууд Эстонийн агаарын орон зайд тус тус нэвтэрсэн байна.


Нисэх онгоцны буудал болон "цэргийн зориулалтын бүсийн" ойролцоо үл мэдэгдэх дронууд илэрсэн тул Копенхаген, Ослогийн нисэх буудлуудыг түр хаахаас өөр аргагүйд хүрсэн юм. Оросын тал уг хэрэг явдалд ямар ч холбоогүй гэж мэдэгдээд байгаа бол Данийн эрх баригчид Москва оролцсон гэх нотлох баримт алга гэж мэдэгджээ.


Мюнхений нисэх буудалд олон мянган зорчигч шөнийг өнгөрөөсөн байна. Нисэх онгоцны буудлаас зорчигчдод эвхэгддэг ор засаж өгч, хөнжил, ундаа, зуушаар хангаснаа мэдэгджээ. Тус хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Октоберфест наадам яг одоо болж байгаа бөгөөд 10 дугаар сарын 5-нд дуусах юм. Уг наадамд жил бүр зургаан сая гаруй хүн оролцдог талаар албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

関連ニュース