Үндэсний гвардийн цэргийг Чикаго хот руу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-05 13:19:39

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 5 /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэмт хэрэгтэй тэмцэхэд туслах зорилгоор Үндэсний гвардийн 300 цэргийг Иллинойс муж улсын Чикаго хот руу илгээх тушаал өгсөн тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Эбигейл Жексон мэдээлжээ.


"Амбан захирагч Жей Роберт Притцкер /Арчилсан намын гишүүн/ зэрэг муж улсын удирдагчид таслан зогсоохоос татгалзаж буй эмх замбараагүй байдал, хууль бус үйлдлүүд үргэлжилж буйтай холбоотойгоор Ерөнхийлөгч Трамп холбооны засгийн газрын алба хаагчид, өмч хөрөнгийг хамгаалахын тулд Үндэсний гвардийн 300 цэргийг илгээхийг зөвшөөрлөө" гэж тэрбээр мэдэгдээд “Ерөнхийлөгч Трамп Америкийн хотуудыг сүйрүүлж буй хууль бус үйлдлийг нүдэн балай чихэн дүлий мэт өнгөрөөхгүй” гэж нэмж хэлсэн байна. 


Өмнө нь Дотоод аюулгүй байдлын яамны төлөөлөгч Триша Маклафлин мэдээлэхдээ, Чикаго хотод хууль бус цагаачдын эсрэг явуулсан ажиллагааны үеэр АНУ-ын хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд зэвсэглэсэн этгээдүүдийн довтолгоонд өртөж, гал нээхээс аргагүйд хүрсэн гэжээ. Яамны төлөөлөгч мөн Чикаго хотын цагдаа нар холбооны байгууллагуудын албан хаагчдад туслахаас татгалзаж байна гэж мэдэгджээ. 


Д.Трамп Чикаго хотод Үндэсний гвардийн цэргүүдийг оруулж, эмх журмыг тогтоохооор төлөвлөж байна гэж хэвлэлүүд мэдээлсний дараа АНУ-ын хил, гаалийн албаны хүчнийхэн Чикаго хотод ирсэн байна. 


Есдүгээр сарын 27-нд Трамп Пентагоны тэргүүн Пит Хэгсетэд Орегон муж улсын Портлэнд хотыг болон Цагаачлал, гаалийн албаны (ICE) объектуудыг "Антифа" хөдөлгөөнөөс хамгаалах цэрэг оруулах үүрэг өгснөө мэдэгджээ. Тэрбээр өмнө нь "Антифа" хөдөлгөөнийг террорист байгууллага гэж зарлаж, уг хотыг "дайнд сүйдсэн" гэж мэдэгдсэн байна. 

関連ニュース