СҮХБААТАР: Элчин сайд Игавахара Масарүтай хамтын ажиллагааны талаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-07 11:05:11

Баруун-Урт 2025, аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газраас 1998 оноос хойш Сүхбаатар аймагт 27 дахь жилдээӨвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийг хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд Аймгийн Засаг дарга М.Идэрбат Япон улсаас Монгол Улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүтай уулзаж хамтын ажиллагааны үр дүн болоод цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.  

 

Дээрх төслийн хүрээнд Сүхбаатар аймагт боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү хийж, хэрэгжүүлж буй төсөл бүр нь амжилттай байсныг Элчин сайд Игавахара Масарү онцоллоо.


 

Аймгийн Засаг дарга Япон улсад суралцах хүсэлтэй сурагчдыг оюутан илгээх хөтөлбөрт хамруулах, тэтгэлэгтэй их дээд сургуульд суралцуулахад холбох гүүр нь болоход дэмжлэг болохыг хүсэв. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг элэг, цөсний хавдрын хагалгааг орон нутагтаа хийдэг болсон. Энэ төрлийн хагалгааг хийдэг нарийн мэргэжлийн эмчийг Япон улсад сургах, мэргэшүүлэхэд холбогдох эмнэлэгтэй холбож өгөх, багш, эмч, төрийн албан хаагчдыг Япон улсад туршлага солилцох богино хугацааны хөтөлбөрт хамруулахад сургалт, судалгааны байгууллагатай холбож өгөх, Баруун-Урт сумын нэгдүгээр сургуулийн хичээлийн 2 дугаар байрын их засварт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг танилцууллаа. Харин Элчин сайд Игавахара Масарү, аймгийн Засаг даргын тавьж буй саналуудыг хүлээн авч, дэлгэрэнгүй танилцаж хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 

関連ニュース