MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Сөүлд иргэдийг цөмийн цохилтоос хамгаалах хоргодох байр барина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-10-14 16:46:57

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 14 /The Korea Herald/. Өмнөд Солонгосын нийслэл хотод цөмийн зэвсгийн цохилтод тэсвэртэй газар доорх хоргодох байрыг анх удаа энгийн иргэдэд зориулан барихаар төлөвлөж байгаа тухай “The Korea Herald” сонинд мэдээлжээ.


Газар доорх хоргодох байр нь Сөүл хотод барих орон сууцны цогцолборын газар доорх хэсгийн гурван давхарт байрлах ба гаднаас учрах цөмийн, биологийн болон химийн аюулаас хамгаалах зориулалтаар баригдах ажээ. Нийт 2147 хавтгай дөрвөлжин метр талбайтай байх тус хоргодох байрт агааржуулалт, усан хангамж болон бохир усны систем суурилуулах бөгөөд 1020 хүн хоёр долоо хоногийн турш хоргодох боломжтой гэнэ. Энх цагт уг байрыг нийтийн фитнесс төвийн зориулалтаар ашиглах ажээ. 


Энэ бол “хотын эрх баригчид иргэдэд зориулан бие даан барих цөмийн зэвсгийн цохилтоос хамгаалах анхны хоргодох байр юм” гэж “The Korea Herald” сонинд онцолжээ. Барилгын ажлыг 2028 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна. Одоогоор 16 байр бүхий орон сууцны цогцолборын зураг төсөл 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. 


Сөүлд төдийгүй Өмнөд Солонгост их буугаар буудах эсвэл агаарын довтолгооны үед ашиглах иргэний хамгаалалтын хоргодох байрууд хаа сайгүй байдаг. Улс даяар байгаа 18 мянган ийм байгууламжийн цөөн хэд нь л үй олноор устгах зэвсэг хэрэглэснээс үүдэлтэй хор уршгаас хамгаалж чадахаар баригдсан гэж өндөр барилгын доор хоргодох байр барихаар төлөвлөж байгаа тухай хамгийн түрүүнд мэдээлсэн "Seoul Shinmun" сонинд бичсэн байна. Ганнам дүүргийн зарим тансаг зэрэглэлийн орон сууцанд цөмийн бөмбөгдөлтөөс хамгаалж чадахаар бат бөхөөр хийгдсэн хоргодох байрууд байдаг хэдий ч тэдгээр нь “нийтийн зориулалттай биш” гэдгийг тус сонинд онцолжээ.


Хотын удирдлагууд цөмийн, биологийн болон химийн зэвсгийн довтолгооноос хамгаалах иргэний хамгаалалтын хоргодох байр барих ажлыг “Сөүлийн хамгаалалт-2030” хөтөлбөрийн хүрээнд тавьсан гол зорилт гэж тодорхойлоод хоргодох байр барих болсны шалтгаан нь дэлхий дахинд үүсээд буй тогтворгүй байдал, мөн Умард Солонгосоос ирж болзошгүй аюултай холбоотой гэжээ. 

関連ニュース