Лувраас алдагдсан үзмэрүүдийг үнэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-10-22 09:42:51

ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 22 /BBC/. Парисын Луврын музейгээс хулгайлагдсан үнэт эдлэлүүд 88 сая еврогоор /102 сая ам.доллар/ үнэлэгдэж байна гэж Францын прокурор Лоре Бекка музейн эрхлэгчийн ярьсныг эш татан мэдэгджээ. 


Л.Бекка RTL радиод мэдээлэхдээ, энэхүү мөнгөн дүн “онцгой их” боловч Францын түүхэн өвд илүү их хохирол учирсан гэлээ. Наполеоны эхнэртээ бэлэглэсэн титэм, үнэт эдлэлүүд зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан юм.


Өнгөрсөн ням гаргийн өглөө дэлхийн хамгийн олон жуулчныг татдаг музей нээгдсэний дараахан хулгайч нар найм хүрэхгүй минутын хугацаанд дээрх үзмэрүүдийг хулгайлсан байна. Хулгай гарснаас хоёроос илүү хоногийн хугацаа өнгөрсөн тул үнэт эдлэлүүдийг хэдийн хайлуулсан байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.


Үнэт эдлэлүүдийн үнэ өртгийг зарласан тохиолдолд хулгайч нар тэдгээрийг устгаж сүйтгэхгүй байж магадгүй хэмээн найдаж байгаагаа Л.Бекка илэрхийлжээ. Хулгайч нар үнэт эдлэлүүдийг хайлуулах санаатай байгаа бол гэнэтийн их ашгаа бүгдийг нь хүртэж чадахгүй гэж тэрбээр хэлсэн байна.


Урьд нь үнэлж баршгүй хэмээн тодорхойлж байсан эд зүйлсийн дотор эзэн хаан Наполеоны эхнэртээ өгсөн очир эрдэнэ, маргад эрдэнийн зүүлт, III Наполеоны эхнэр Евгения хатны зүүж байсан титэм, мөн хатан Мари-Амелигийн эдэлж хэрэглэж байсан хэд хэдэн эд зүйл багтжээ.


Мөрдөгчид хулгайч нарын зугтсан зам дээрээс хатан Евгениягийн титмийг олсноос үзэхэд тэд яарч явахдаа унагаасан бололтой. Баг зүүсэн дөрвөн хулгайч механик өргөгчөөр тоноглогдсон ачааны машин ашиглан Сена мөрний эрэг талаас тагтаар дамжин Аполлоны галерей руу нэвтэрчээ.


Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг хулгайг Францын өв соёлд халдсан гэмт хэрэг хэмээн тодорхойлсон юм. Урьдчилсан мэдээгээр, Луврын гурван өрөө тутмын нэг нь камергүй, дохиоллын систем нь ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул улс даяарх соёлын байгууллагуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг чангатгажээ.


Хууль сахиулагчдын үзэж буйгаар, хулгайч нар хурдан, зохион байгуулалттай байсан тул мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг байх магадлалтай гэж үзэж байна. Урлагийн мэргэжилтнүүд өмнө нь мэдээлэхдээ, эд зүйлсийг бүрмөсөн алга болсон гэж үзэхээс өмнө хайж олоход ердөө хоёрхон хоногийн хугацаа бий гэж байв. Хулгайч нар эд зүйлсийг үнэт металл, эрдэнийн чулуу болгон хайлуулж, хууль бусаар хилээр гаргаж, үнийн дүнгийнх нь багахан хувьтай тэнцэх үнээр зарсан байх магадлалтай гэдгийг шинжээчид хэлж байна.

 


関連ニュース