Фүжи уулын оргил цасан титмээ зүүжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-10-23 16:18:47

КОФҮ, 2025 оны аравдугаар сарын 23 /Kyodo/. Японы хамгийн өндөр оргил болох Фүжи уулын оройд цасан бүрхүүл тогтжээ. Олон жилийн дунджаас 21 хоногоор хоцорсон боловч өнгөрсөн жилийнхээс 15 хоногийн өмнө энэ үзэгдэл тохиолоо гэж Цаг уурын агентлагийн орон нутгийн ажиглалтын төвөөс мэдээлэв.


Яманаши мужийн Кофү ажиглалтын төвийн ажилтны мэдээлснээр, өнөө өглөөний 06 цагийн орчимд 3776 метр өндөр оргилд цасан бүрхүүл ажиглагдсан байна. Лхагва гаргаас хойш уулын дээгүүр үүлтэй, хүйтэн байсан тул цас орсон гэж ажиглалтын төвийн мэдэгдэлд дурджээ.


Японы Цаг уурын агентлагийн ажиглалтын системийн мэдээллээр, пүрэв гаргийн шөнийн 01 цагийн орчимд оргилын ойролцоох цэгт агаарын температур -6.4 болж хүйтэрсэн байна. Өнгөрсөн онд Шизүока, Яманаши мужуудын нутагт орших алдартай ууланд цасан бүрхүүл 1894 онд ажиглалт эхэлснээс хойш хамгийн хожуу тогтож байсан билээ.



関連ニュース