Гал унтраах техник спортын ДАШТ-д Монголын баг VI байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-01 14:04:10

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Гал унтраах техник спортын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Рияад хотод боллоо.


Таван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Австри зэрэг 14 орны баг тамирчид оролцсон бөгөөд Монгол Улсын шигшээ багийн тамирчид нийлбэр дүнгээр VI байр эзэлжээ. Баг тамирчид довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа, гал унтраах тархалт гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбааг сорин өрсөлдсөн байна.


Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монгол Улсаас эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа оролцсон бөгөөд НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч, ахмад Э.Булган, 120-р ангийн тамирчин, ахлагч Г.Ануужин нар довтолгооны шат, саадтай 100 метрийн төрөлд улсын дээд амжилтыг шинэчилжээ.


Монгол Улсын шигшээ багийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд ахалж, ерөнхий дасгалжуулагчаар Гал унтраах техник спортын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа С.Баттөмөр нар ажилласан бол бүрэлдэхүүнд НОБГ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Увс, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид багтжээ.










関連ニュース