БУЛГАН: Монголын нутгаас олдсон хамгийн эртний буддын шашны дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-18 08:43:06

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсад уламжлалт соёл, шашны өвийг судлан хамгаалах, шинжлэх ухааны үндэстэйгээр түгээн дэлгэрүүлэх зорилготой “Буддын шашин ба Археологи” олон улсын эрдэм шинжилгээний III хурлыг Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 14-нд зохион байгуулсан байна.


Тус хуралд Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга болон сумын түүх, соёлын салбарын судлаачдын төлөөлөл оролцлоо. Олон улсын эрдэм шинжилгээний III хурлаар Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт оршдог Ингэт толгойд хийсэн археологийн судалгааны дүгнэлтийг танилцуулжээ.


Археологид Ингэт толгойн өвөр дэх Бурхан багшийн хөрөг дүр бүхий хүн чулуун хөшөө нь он цаг тогтоох харьцуулсан судалгаагаар Жужаны хаант улсын төгсгөл үе буюу одоогоос 1500 орчим жилийн тэртээд холбогдох боломжтой болохыг тогтоожээ.


Ингэснээр уг дурсгал нь Монгол нутагт бурхны шашны анх дэлгэрсэн түүхийг гэрчлэх үнэ цэнтэй баримт болоод байна. Өөрөөр хэлбэл, нийтийн тооллын V-VI зууны үед бурхны шашин Монгол нутагт анх дэлгэрсэн явдал нь Ингэт толгойн өвөр дэх эл хүн чулуун хөшөөгөөр батлагдаад байгаа юм.


Энэхүү өвөрмөц хүн чулуун хөшөө хэлбэр хийцээрээ Монгол оронд тархсан бусад хүн чулуун хөшөөнөөс ялгаатай. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид энэхүү хөшөөг нарийвчлан судалж Жужан улсын (330-555 он) үед бүтээгдсэн Буддагийн хөшөө болохыг тогтоожээ.

 

Хүн чулуун хөшөөний гадаад дүрслэлийг харвал хэд хэдэн шинжээрээ Буддагийн дүртэй төстэй. 2.2 метр өндөр, биеийн ерөнхий хэлбэр өвөрмөц, толгойн оройд үсийг овоолсон байдлаар урлаж, баруун гарыг дээш өргөж, алгыг урагш харуулсан байдлаар бүтээсэн. Үүнийг бурхны шашинд дээдийн мутарлаг гэж үздэг. Харамсалтай нь олон жилийн турш нутгийн иргэд хөшөө рүү сүү, цагаан идээ цацаж, өөх тос нялснаас болж өгөршил явагдаж эхэлжээ.


Судлаачид Ингэт толгойн хөшөөнөөс гадна хоёр жижиг сүмийн туурь илрүүлсэн бөгөөд эдгээрээс авсан дээжийг лабораторид шинжилж үзэхэд 95.4 хувийн магадлалаар 330-555 он, өөрөөр хэлбэл Жужан улсын үед хамаарах нь тогтоогдсон байна.


ШУА-ын судлаачдын ярьж буйгаар малтлагаар илэрсэн барилгын дээврийн вааруудыг харьцуулан судлахад Сяньбийн угсааны нүүдэлчдийн байгуулсан Умард Вэй улсын дурсгалуудтай ижил хэв загвартай байжээ. Умард Вэй улс нь Жужан улстай нэгэн цаг үед оршиж байсан тул Ингэт толгойн сүм болон хүн чулуу нь одоогийн байдлаар Монгол нутгаас олдсон хамгийн эртний буддын шашны дурсгал болж байгаа юм.


Буддын шашин Монгол нутагт Хүннү гүрний үеэс эхлэн гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Түүхэн сурвалжид тэмдэглэснээр Жужан улсын хаан Энэтхэгийн Дармаприяа гэдэг ламыг улсын багшаар томилж, 3000 өрх тусгаарлаж өгсөн гэсэн мэдээ бий. Эндээс үзвэл Жужан улсад буддын шашин ямар хэмжээнд дэлгэрсэн байсан нь тодорхой байна.










関連ニュース