ӨМНӨГОВЬ: Хилчдийн хүүхдүүдийг сурч боловсрох орчин нөхцөлөөр хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдын хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Монгол Улсын баруун өмнөд хилийг хамгаалах чиг үүрэг бүхий Овоотын цэргийн анги буюу хилийн цэргийн 0166 ангийн албан хаагчид, хилчдийн хүүхдүүдийг суралцах орчин нөхцөлийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэн 16 жилийн турш үйл ажиллагаа нь зогсоод байсан “Овоот” бага сургуулийн үйл ажиллагааг энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн.
Тус сургуулийн сурагчид Гурвантэс сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг байсан бол одоо эцэг эхийн хамтаар амьдарч “Овоот” бага сургуульд хамрагдсанаар сурлагын ахиц сайжирч байгааг эцэг эх, багш нар онцолж байна.
Мөн орон нутгаас “Овоот” цэцэрлэгийн өргөтгөлийн байрыг шийдвэрлэн 2 ангиар сургуулийн өмнөх боловсролыг олгох нөхцөлийг бүрдүүлжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тус ангийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, 3 сая төгрөгийн үнэ бүхий номын багц гардуулан өглөө.

Ulaanbaatar