Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-25 11:35:08

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.


НЗДТГ-ын мэдээлснээр, энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системийг нэвтрүүлэх юм.


Уг төслийг БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” компанитай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх загвараар /DBFOM/ хэрэгжүүлж, ашиглалт, засвар үйлчилгээ, удирдлагын ажиллагааг иж бүрэн хариуцна.


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөсөн энэхүү үйлдвэр нь өдөрт 1500 тн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангана. Мөн төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих, шүүрүүлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх зэрэг байгаль орчныг хамгаалах ажил багтжээ.


Төслийн хүрээнд хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах инженерийн шийдлийг нэвтрүүлэхээс гадна хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахивар нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог үе шаттай сайжруулах зорилт тавьжээ.

Одоогоор төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101-ийг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлт хийж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. 


Төслийн үр дүнд хогноос үүсэх хүлэмжийн хий болон үнэрт бодисын ялгарал буурч, 2333 яндан болон нүхэн жорлонг устгах замаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой.


Мөн хог булшлах газрыг нөхөн сэргээж, дахин ашиглалтад оруулах нөхцөл бүрдэх юм.

 

関連ニュース