СЭЛЭНГЭ: Хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр үүдээ нээлээ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн
суманд “Мимо агро парк”-ийн анхны бүтээн байгуулалт болох хүчит тэжээлийн бүрэн
автомат үйлдвэр хаалгаа нээлээ.
Тус үйлдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Атрын IV аян”-ы хүрээнд хөнгөлөлттэй зээлээс 30 хувь, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн 70 хувийн санхүүжилтээр барьж байгуулжээ.
Өдөрт 50 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадал бүхий уг үйлдвэр нь малчид, фермерүүдийн өвөлжилтөд дэмжлэг үзүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 25-30 ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрджээ.
“Мимо” брэнд нь монгол эрдэмтдийн 30 жилийн судалгаанд тулгуурлан
2022 онд дотоодын анхны эрдэс нэмэлт тэжээлийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж
эхэлсэн байна. Тус үйлдвэр нь Монгол орны онцлог байгаль, цаг уурын нөхцөлд
тохирсон хөдөө аж ахуйн шийдлийг дотоод, гадаадын эрдэмтэдтэй хамтран боловсруулж,
импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж иржээ.
Төвийн бүсийн газар тариалангийн бүсийг түшиглэн “Мимо агро парк” төслийн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү цогцолбор нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, орон нутгийн эдийн засгийг дэмжих, тогтвортой ногоон хөгжлийг хангах зорилготойгоороо онцлогтой юм.
Төслийн хүрээнд 3500 га талбайд газар тариалан эрхлэн органик
эрдсийн бордооны судалгаа, туршилт, тариалалт хийх, хөдөө аж ахуйн инноваци,
судалгаа, сургалтын төв байгуулах, 250-300 хүний багтаамжтай эвент, форумын
танхим, сургалтын өрөө, оффис, амралт, үйлчилгээний байгууламжийг ашиглалтанд
оруулжээ.
Цаашид “Мимо агро парк” нь цаашид түүхий эдийн цэвэрлэгээ, хатаалтын үйлдвэр, Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн сурагч, оюутнуудад зориулсан хөдөө аж ахуйн танин мэдэхүй, дадлагын иж бүрэн хөтөлбөр, органик хүлэмжийн нарийн ногооны үйлдвэрлэл, БНЭУ-ын Ти.Станес компанитай хамтарсан эрдсийн бордооны үйлдвэр, сүүний болон махны чиглэлийн эрчимжсэн фермерийн дадлагын загвар аж ахуй, малчид, тариаланчид, хоршоо, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх “Агро майлл” худалдааны төв байгуулах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Ulaanbaatar