Хонконгт түймрийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-11-28 09:46:34

ХОНКОНГ, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /BBC/. Хонконгийн олон давхар орон сууцны хороололд гарсан томоохон гал түймрийн улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэж бэртсэнээс гадна олон хүн сураггүй болоод байна. 


Лхагва гарагт Тай По дүүрэг дэх орон сууцны хорооллын найман барилгын долоог нь хамарсан түймрийг одоо “үндсэндээ хяналтад авсан” гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн мэдэгджээ. Гал сөнөөгчид баасан гаргийн өглөөний 09:00 цаг гэхэд орон сууцыг шалгаж дуусгана гэж найдаж байгаагаа хэлсэн байна.


Аюулгүй байдлын асуудлаар оршин суугчдын уур хилэн нэмэгдэж буй энэ үед нэгэн оршин суугч хэлэхдээ, ийм харамсалтай явдал гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэжээ. Хамгийн сүүлийн хүн амын тооллогын мэдээллээр 4600 орчим оршин суугч амьдардаг уг хороололд түймэр гарах үед яг хэдэн хүн байсан нь тодорхойгүй байна.


Гал түймэр хэрхэн дэгдэж эхэлсэн талаар асуултууд урган гарч ирээд байна. “BBC Verify” үйлчилгээгээр гал түймэр гарсан үеийн дүрс бичлэгүүдийг шинжилж байгаа ажээ. Цагдаа нарын хэлснээр, барилгын гадна талын материалууд нь галд тэсвэртэй бус байжээ. Барилгын компанийн гурван гүйцэтгэх захирлыг хүний амь насыг санаатай бусаар хохироосон хэрэгт сэжиглэн баривчлаад байна.



関連ニュース