Барилгын салбарын форумыг “Дижитал бүтээн байгуулалт” сэдвээр өрнүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улс Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын барилгын салбарын форумыг “Дижитал бүтээн байгуулалт” сэдвээр өрнүүлэв.
Манай улс Барилгын мэдээллийн загварчлал /BIM/ буюу дижилтал
систем рүү шилжих шаардлагатай тул
форумыг ИБУИНВУ-ын Элчин
сайдын яам, ХББОСЯ-наас
хамтран зохион байгуулсан юм. Энэ
үеэр дэд бүтцийн хөгжил дэх
дижитал өөрчлөлт, барилгын
мэдээллийн загварчлал, барилгын
салбарын дижитал шинэчлэл: “BIM”-ийг Монголд нэвтрүүлэх бодлого ба хэрэгжилтийн талаар илтгэл хэлэлцүүлжээ.
Барилгын мэдээллийн загварчлал, аргачлалын дагуу хийсэн
төсөл барилга угсралтын явцад тулгарч болох асуудлыг урьдчилан тооцох,
эрсдэлээс сэргийлэх давуу талтай. Тиймээс форумд оролцож буй оролцогчид олон
улсад нэвтрүүлсэн сайн туршлагаас судлах, Монголын бодлого, зах зээлтэй
уялдуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа энэ үеэр, “BIM” нь төслийн оролцогчдыг нэг мэдээллийн орчинд холбож, төлөвлөлт, зураг төсөл, үйлдвэрлэл, барилга угсралт, хяналт, ашиглалт хүртэлх бүх үе шатыг өгөгдөлд суурилсан шийдлээр уялдуулах суурь технологи болсон. Цаашид төрийн болон олон улсын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдэд заавал хэрэглэх загвар төслийг хэрэгжүүлж нутагшуулах, нэгдсэн платформыг хөгжүүлж, үйл ажиллагааг үе шаттай цахимжуулах, салбарын инженер техникийн ажилчдыг сургах, чадавхжуулахад онцгой анхаарна. Энэ форум бол туршлага, мэдлэг, технологийг хамтдаа бүтээх чухал талбар” гэдгийг тодотгожээ.
Дэлхий улс орнуудад бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжил дижитал руу хурдацтай шилжиж байна. Манай улс төрийн бодлогоороо дижитал шилжилтийг тасралтгүй дэмждэг. Тухайлбал “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д “Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем-BIM”-ийг үндэсний түвшинд нэвтрүүлэх зорилт тавиад байгаа билээ.
Ulaanbaatar