Зуучлагчдын борлуулсан үл хөдлөх эд хөрөнгө 2024 оныхоос 12.5 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-12-01 10:21:18

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 01 /МОНЦАМЭ/. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал (ҮХЭХЗ)-ын тусгай зөвшөөрөлтэй 281 байгууллага 2025 оны 3 дугаар улиралд үйл ажиллагаа эрхэлжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.6 хувиар буурсныг Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн  тайланд дурджээ.


Нэг ҮХЭХЗ-ын байгууллага дунджаар 1 брокер, 4 агенттай ажиллаж байна. Тус байгууллагууд 411 хувьцаа эзэмшигчдийн 5.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй аж.


ҮХЭХЗ-ын байгууллагын хувьцаа эзэмшигчдийн бүтцийг авч үзвэл 93.2 хувийг иргэд, 5.3 хувийг хуулийн этгээд, үлдсэн 1.5 хувийг иргэн хуулийн этгээд хамтран эзэмшжээ. Энэ оны 3 дугаар улиралд нийт хувь нийлүүлсэн хөрөнгөд гадаадын 864.3 сая төгрөг орсон аж.


Салбарын нийт хөрөнгө 223.3 тэрбум төгрөг байна. Түүний 170.4 тэрбум төгрөг буюу 76.3 хувь нь эргэлтийн хөрөнгө юм. Харин үлдсэн 52.9 тэрбум төгрөг буюу 23.7 хувийг эргэлтийн бус хөрөнгө эзэлж байна.


Эх үүсвэрийн 176.8 тэрбум төгрөг буюу 79.2 хувь нь өр төлбөр, 46.5 тэрбум төгрөг буюу 20.8 хувь нь эздийн өмч байна. Нийт хөрөнгийн 77.3 хувийг 15 компани, 22.7 хувийг 266 компани бүрдүүлжээ.


Хөрөнгийн дүнгээр зах зээлд эзлэх хувийг авч үзвэл:

  • 1 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 29 компани 86.3 хувь,
  • 500 саяас 1 тэрбум төгрөг хүртэл хөрөнгөтэй 15 компани 4.7 хувь,
  • 100 саяас 500 сая төгрөг хүртэл хөрөнгөтэй 61 компани 6.6 хувь,
  • 100 сая төгрөг хүртэл хөрөнгөтэй 176 компани 2.5 хувь байна.

Улаанбаатар хотод байрлалтай ҮХЭХЗ-ын байгууллагуудын 34.1 хувь нь Сүхбаатар, 27.4 хувь нь Хан-Уул, 19.3 хувь нь Баянзүрх, 9.6 хувь нь Баянгол, 8.9 хувь нь Чингэлтэй, 0.7 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт байгаа юм. Хөдөө орон нутагт 11 байгууллага байгаа юм.


Худалдсан, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн 79.6 хувийг газар, 17.7 хувийг орон сууц, 1.7 хувийг арилжааны, 1.0 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эзэлж байна.


Улмаар худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 88.7 хувийг орон сууц, эзэлж байна. Зуучлалын байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулсан орон сууцыг үнийн дүнгээр багцалбал:

  • 50-аас доош м.кв нь 21.5 хувийг,
  • 51-ээс 100 м.кв хүртэлх нь 46.5 хувийг,
  • 101-ээс 200 м.кв хүртэлх нь 19.4 хувийг,
  • 201 м.кв-аас дээш талбайтай нь 12.6 хувийг эзэлжээ.

Түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн 68.5 хувийг орон сууц, 24.9 хувийг арилжааны зориулалттай,  4.7 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1.9 хувийг газар эзэлж байна.


Мөн байгууллагуудаар дамжуулан түрээсэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүнгээр багцалбал:

  • 50-аас доош м.кв 18.0 хувь,
  • 51-ээс 100 м.кв хүртэлх 35.3 хувь,
  • 101-ээс 200 м.кв хүртэлх 23.0 хувь,
  • 201 м.кв-аас дээш талбайтай нь 23.7 хувийг эзэлсэн аж.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын 281 байгууллага өссөн дүнгээр 9,017 хэлцлээр, 3,050.3 мянган м.кв талбайтай, 2,253.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зуучлан худалдан шилжүүлсэн аж. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг 2,253.7 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Эдгээр байгууллагууд өссөн дүнгээр 6,874 хэлцлээр 530.6 мянган м.кв талбайтай, 216.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зуучлан түрээслүүлсэн аж. Үл хөдлөх эд хөрөнгийг 216.5 тэрбум төгрөгөөр түрээсэлсэн нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.8 хувиар өсжээ.

関連ニュース