Өсвөрийн шатарчид ААШТ-ээс алт, хүрэл медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-03 12:11:59

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотод өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын тамирчид алт, хүрэл медальтай эх орондоо ирлээ.


27 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Хятад, Энэтхэг, Казахстан, Монгол тэргүүтэй 32 орны 700 гаруй шатарчин зургаан насны ангилалд аваргуудаа тодруулсан байна. Энэхүү тэмцээнд манай улсаас дээрх зургаан насны ангилалд 20 шатарчин өрсөлджээ.


Охидын 16 насны ангилалд ФИДЕ мастер Э.Эмүжин алтан медалиар энгэрээ мялааж, Бангкокт төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр уг тэмцээнд түрүүлснээрээ олон улсын мастер цолны нэг норм биелүүлсэн байна. Түүний хувьд олон улсын мастер Э.Энхрийгийн дүү юм. Тэгвэл охидын 14 насны ангиллын рапид буюу түргэвчилсэн тоглолтод А.Монголжингоо хүрэл медаль хүртжээ. Үүнээс гадна блиц төрлийн хөвгүүдийн 10 насны ангилалд Д.Төгсбилгүүн IV, охидын 14 насны ангилалд Э.Зол-Учрал V байрт шалгарчээ. 







関連ニュース