ДАРХАН-УУЛ: Төлөөлөгчид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-03 20:38:46

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхий нийтээр 1991 оноос эхлэн тэмдэглэж иржээ. Энэхүү аянд аймгийн ИТХ-ын ажлын алба, төлөөлөгчид, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нэгдсэн байна.


Тодруулбал, өнөөдөр болсон аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 10 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид болон бусад хүмүүс уг аяныг дэмжин, нэгдэж байгаагаа илэрхийлж энгэртээ шар өнгийн тууз зүүж хуралдаа оролцлоо.




Энэхүү аяныг дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.


Энэ жилийн тухайд “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье”

/ТАҮЖСХ/ уриатайгаар өсвөр насныхан, залуучуудын цахим орчинд дахь аюулгүй байдалд голлон анхаарлаа хандуулж байна.




Ингэснээр технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжин уриалж, ТАҮЖСХ-тэй тэмцэх, үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцож, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилготой ажиллаж байгаа ажээ.


Түүнчлэн технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл гэж нэрлэгддэг энэхүү үзэгдэл нь цахим болон бодит орчны аль алинд нь нөлөөлж, дижитал платформыг буруугаар ашигласнаас үүдэлтэй өсөн нэмэгдэж буй асуудал юм. Үүнд олон нийтийн анхаарлын төвд байдаг эмэгтэйчүүд, улс төрчид, сэтгүүлчид, өсвөр насныхан, залуу эмэгтэйчүүд, охид зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлд ихээхэн өртөж байгаа онцолжээ.




Тиймээс энэ жил технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

関連ニュース