Д.Трамп: В.Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-12-04 09:45:29

ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /Anadolu/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох хүсэлтэй хэвээр байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. 


“Путин дайныг зогсоохыг хүсэж байна. Түүнтэй уулзсан төлөөлөгчдийн сэтгэгдэл ийм байсан... Тэрбээр хэлэлцээр хийхийг хүсэж байгаа талаарх тэдний сэтгэгдэл маш хүчтэй байсан” гэж Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлэхдээ тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф, өөрийн хүргэн, албан бус зөвлөх Жаред Кушнерийн талаар дурдсан байна. 


В.Путин мягмар гарагт Москва хотноо С.Уиткофф, Ж.Кушнер нартай уулзаж, Вашингтоны дэвшүүлсэн Украины энхийн төлөвлөгөөний шинэчилсэн төслийг хэлэлцсэний дараа Д.Трамп дээрх мэдэгдлийг хийжээ. АНУ-ын Ерөнхийлөгч мягмар гаргийн орой С.Уиткофф, Ж.Кушнер нартай ярилцсан байна.


“Тэд Ерөнхийлөгч Путинтэй нэлээд сайн уулзалт хийсэн гэдгийг би та бүхэнд дуулгая. Бид энэ талаар удахгүй мэдэх болно” гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн "хэрвээ би ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол дайн хэзээ ч дэгдэхгүй байсан" хэмээн дахин дурдсан байна.


“Ерөнхийлөгч Путин өчигдөр Жаред Кушнер болон Стив Уиткофф нартай маш сайн уулзалт хийсэн. Энэ уулзалтаас ямар үр дүн гарах вэ гэдгийг би та бүхэнд хэлж чадахгүй нь, учир нь танго бүжиглэхэд хоёр хүн хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков лхагва гарагт мэдэгдэхдээ, Америкийн тал Украины асуудлыг зохицуулахын тулд Оросын байр суурийг харгалзан үзэхэд бэлэн байна гэсэн байна. “Хэтийн төлөв эерэг байна. Америкчууд бидний зорилгод нийцсэн урт хугацааны зохицуулалтад хүрэхийн тулд хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэж Ю.Ушаков сэтгүүлчдэд хэлжээ.



関連ニュース