УИХ-ын дарга Н.Учрал ажлын хэсэг байгуулах тухай 58 захирамжийг хүчингүй болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-04 17:03:24

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Н.Учрал чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр ажлын хэсэг байгуулах тухай 58 захирамжийг хүчингүй болгож буйгаа мэдэгдлээ.


Үүнтэй холбогдуулан тэрбээр, УИХ-ын даргын энэ сарын 4-ний өдрийн 482 тоот захирамжийг уншиж танилцуулсан юм. Уг захирамжид зааснаар,  УИХ-ын даргын 2024 оны 80, 82, 86, 87, 89, 94, 95, 98, 104, 107, 110, 111, 113, 115, 173, 292, 2025 оны 254, 289, 321 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгожээ. Тухайлбал, бичил болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, хуулийн төсөл боловсруулах, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлах үүрэг бүхий ажлын хэсэг багтжээ.


Түүнчлэн ажлын хэсгийн үйл ажиллагааны хугацаа дууссан, үр дүн хангалтгүй байгаа тул “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын даргын 2024 оны 73, 74, 75, 78, 97, 99, 100, 101,102, 103, 106, 114, 116, 155, 156, 175, 290, 304, 329, 2025 оны 66, 68, 156, 158, 180 185, 200, 210, 248, 255, 258, 264, 290, 303, 315, 362, 365, 438 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосноо дурдлаа. Мөн Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын даргын 2024 оны 93, 96, 174 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосон байна.


Үүнд, “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах, Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судлан санал дүгнэлт гаргах, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус тус багтжээ. 

関連ニュース