Галт зэвсэг бүртгэлийн ажил удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-18 17:27:37

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас Зэвсэг-2016 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, үүнийхээ хүрээнд галт зэвсэг эзэмшигчдийг бүртгэх ажлыг хийж байна. Бүртгэлийн ажил тав хоногийн өмнө эхэлсэн ч одоогоор 14 хувьтай үргэлжилж байна.

Ингэж удаашралтай байгааг тайлбарлахдаа “ Галт зэвсэг эзэмшигчид бүртгүүлэхээр ирэхдээ зэвсгийг гэрчилгээний хамт авч ирэх ёстой. Гэтэл дан ганц гэрчилгээгээ авч ирэх хүн олон байна. Энэ нь ажлыг удаашруулах байдалд хүргэж байна” хэмээн аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны ажилтан, цагдаагийн ахмад Г. Ганчимэг хэллээ.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр галт зэвсгээ бүртгүүлээгүй тохиолдолд Монгол Улсын галт зэвсгийн тухай хуулинд заасны дагуу 80 мянган төгрөгөөр торгож, хуулийн хариуцлага тооцно хэмээн заасан байдаг. Тиймээс галт зэвсэг эзэмшигчдийг бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг уриалж байлаа. Бүртгэлийн ажил энэ оны 12 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Бие эрхтэний согогтой, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан мөн  насанд хүрээгүй бол галт зэвсэг эзэмшихийг хуулиараа хориглосон байдаг. Мөн бууны хэв маягийг зориудаар алдагдуулахыг хориглодог юм байна.

Т. Одончимэг

関連ニュース