Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөнийг өндөр түвшинд хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-24 15:34:52

БАНГКОК, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Тайланд, Камбожийн хоорондох мөргөлдөөнд гал зогсоох асуудлыг хэлэлцэх Хилийн ерөнхий хорооны өндөр түвшний уулзалтыг хийхээр товлосон тухай Тайландын Гадаад хэргийн яам хаант улсын Батлан хамгаалах яамны мэдэгдлийг эш татан мэдээлжээ.


Уг механизмыг хэрэгжүүлэх хүрээнд нарийн бичгийн дарга нарын түвшний хэлэлцээ 12 дугаар сарын 24-26-ны хооронд болно. “Өндөр түвшний хурал 12 дугаар сарын 27-нд болно. Энэ бол Хилийн ерөнхий хорооны бүх хурлын стандарт формат юм” гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөний бүсэд гал зогсоох боломжийг хэлэлцэж эхэлснийг Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) гишүүн орнууд сайшаасан байна. Тус байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын тусгай уулзалтад оролцогчид мөргөлдөөнд оролцогч талуудад хандан “7 дугаар сарын 28-ны гал зогсоох тухай гэрээ”, 8 дугаар сарын 7-ны Хилийн ерөнхий хорооны ээлжит бус хурлын шийдвэрүүд, мөн 2025 оны 10 дугаар сарын 26-нд гарын үсэг зурсан Куала-Лумпурын хамтарсан тунхаглалыг” сануулаад, тэдгээрийг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхийг уриалжээ.


Камбож, Тайландын хил дээр зэвсэгт мөргөлдөөн 12 дугаар сарын 7-нд эхэлжээ. Камбожийн цэргүүд хилийн бүс дэх байрлалууд руу их буугаар гал нээсэн гэж Тайландын хуурай замын цэргийн командлал 12 дугаар сарын 8-нд мэдэгдсэн байна. Үүний хариуд Тайландын агаарын цэргийн хүчин Камбожийн цэргийн дэд бүтэц рүү довтолжээ. 




関連ニュース